Баян-Өлгий, Сүхбаатар аймагт илэрсэн зөрчлүүдийг төсөлд тусгажээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн, 2003 онд баталсан УИХ-ын 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэх шатанд авч үзлээ.
Одоогоор “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-д улсын хэмжээнд нийт 214805 газар зүйн нэр батлагдсан байдаг. Үүнээс Баян-Өлгий аймагт 8767, Сүхбаатар аймагт 6941 газар зүйн нэр бүртгэлтэй байна.
Төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт монгол хэлнээс өөр хэлээр нэрлэгдсэн газар зүйн нэрс байгааг тогтоосон бөгөөд тус аймгийн 12 сумын хэмжээнд монгол хэлнээс өөр хэлээр баталсан 319 нэрийг монгол хэлээр өөрчлөхөөр тусгажээ. Үүнтэй хамт 47 уламжлалт газар зүйн нэрийг шинэчлэхээр төлөвлөсөн байна.
Сүхбаатар аймагт харин УИХ-аар батлагдаагүй 940 нэр, байрлалын зөрүүтэй 17 нэр, үг, үсгийн зөрүүтэй буюу хэл бичгийн дүрмийн алдаатай 45 нэр байгааг 2021-2022 онд орон нутгийн төсвөөр хийсэн газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын үр дүнд тогтоожээ. Эдгээрийг мөн тогтоолын төсөлд тусгасан байна.
Санал хураалтыг баасан гарагт явуулахаар болов
Төсөл санаачлагчдын үзэж байгаагаар энэ өөрчлөлт батлагдсанаар газар зүйн албан ёсны нэрийг бүх төрлийн газрын зурагт зөв тэмдэглэх, олон нийтэд зөв нэршлийг таниулах, хэрэглээнд нэвтрүүлэх боломж бүрдэх юм. Мөн энэ нь Монгол Улсын газар нутгийн халдашгүй, бүрэн бүтэн байдлыг хамгаалах, монгол хэл, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалж хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой гэж үзжээ.
Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураах байсан ч УИХ-ын дарга С.Бямбацогт уг санал хураалтыг баасан гаргийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар шийдвэрлэсэн байна.