2027 оноос эхлэн шинэ технологийг гол загварууддаа үе шаттай суурилуулна
Японы автомашин үйлдвэрлэгч Nissan компани автомашиныхаа дийлэнх хэсэгт хиймэл оюун ухаанд суурилсан автомат жолоодлогын систем нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлалаа. Тус компани энэ алхам нь зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, борлуулалтаа өсгөхөд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Компанийн мэдээлснээр шинэ загваруудынхаа ойролцоогоор 90 хувьд AI ашигласан автомат жолоодлогын технологи нэвтрүүлэх зорилт тавьжээ. Энэ системийг 2027 оны эцэс гэхэд Nissan Elgrand загварт суурилуулахаар төлөвлөсөн байна. Харин уг загварын шинэчилсэн хувилбар 2026 оны зун худалдаанд гарах хүлээлттэй байгаа юм.
Үүний зэрэгцээ Nissan компани дэлхийн зах зээл дэх урт хугацааны стратегиа шинэчлэн тодорхойлжээ. Тодруулбал, 2030 оны санхүүгийн жилд Япон дахь борлуулалтаа 550 мянга, АНУ-д нэг сая, Хятадад мөн нэг саяд хүргэх зорилго тавьсан байна.
Борлуулалтын дарамт нэмэгдэж, загварын тоо цөөрч, үйлдвэрүүд хаагдана
Гэхдээ компанийн одоогийн төсөөлөл тийм ч өөдрөг биш байна. Nissan-ийн таамаглаж байгаагаар Япон дахь борлуулалт 420 мянга, Хятадад 653 мянга хүртэл буурах төлөвтэй байгаа бол Хойд Америк дахь борлуулалтаа 1.3 сая түвшинд хадгалах зорилт тавьжээ.
Борлуулалтын үзүүлэлт сул байгаа тул Nissan илүү ашигтай, зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүнүүдэд төвлөрөх шийдвэр гаргасан байна. Үүний хүрээнд компанийн загварын тоог 56-аас 45 болгон бууруулахаар болжээ.
“Энэхүү стратеги бол хөрөнгө оруулалтыг оновчтой болгох, зохион бүтээх ажлыг хурдасгах, мөн зах зээлийн эрэлтэд уян хатан байдлаар хандах зорилготой” гэж гүйцэтгэх захирал Иван Эспиноса мэдэгдсэн байна.
Энэ бүтцийн өөрчлөлтийн хүрээнд нийт долоон үйлдвэрийг хаахаар төлөвлөсний дотор Канагава мужийн Оппама дахь үйлдвэр багтаж байгаа аж. Мөн 20 мянга орчим ажилтныг цомхотгох төлөвтэй байна.
Үүний зэрэгцээ Nissan шинэ бүтээгдэхүүнүүдээ ч танилцуулжээ. Тухайлбал, Nissan X-Trail загварын хос хөдөлгүүртэй хувилбар болон Nissan Juke-ийн цахилгаан хувилбаруудыг зах зээлд гаргахаар болсон байна.