Монголын болон дэлхийн олон үндэстний хоолны соёлыг иргэд, жуулчдад ойртуулах зорилготой “UB Food Festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн фестивальд ресторан, хоол үйлдвэрлэлийн салбарын 30 гаруй байгууллага оролцож, 18 улсын онцлог хоолоор үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Зочид, оролцогчид монгол үндэсний хоолноос гадна Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Итали зэрэг орны нэрийн хоол, мөн төрөл бүрийн зууш, кофе, дессерт амтлах боломжтой юм.
Төв талбайн фестиваль хоолноос гадна өргөн хөтөлбөрөөр үргэлжилнэ
Арга хэмжээний үеэр шилдэг тогооч нар тусгай хоолны үзүүлбэр толилуулах бөгөөд оролцогч асар бүр өөрийн онцлог цэс, бүтээгдэхүүнээ танилцуулах аж. Үүнээс гадна амьд хөгжмийн тоглолт, урлагийн үзүүлбэрүүд зохион байгуулагдаж, хоолны сэдэвт олон төрлийн тэмцээн, уралдаан үзэгчдийн хүртээл болно.
Ингэснээр “UB Food Festival-2026” нь зөвхөн амттан, хоолны худалдаа бус, олон улсын хоолны соёл, гастрономийн чиг хандлагыг нэг дор харуулах томоохон арга хэмжээ болохоор байна.