ААШТ-д Монголын шигшээ түүх бүтээж, холимог багийн төрөлд аваргаллаа

Ордост болсон тэмцээнд Монголын жүдочид алтан медаль хүртэв

БНХАУ-ын Ордос хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний холимог багийн төрөлд Монгол Улсын шигшээ баг алтан медаль хүртэж, шинэ түүхийн эзэн боллоо.

Манай баг хэсгийн шатны эхний тойрогт хий мөргөсөн бөгөөд дараагийн тойрогт Киргизстаны шигшээ багтай учраа тааран 4:2-ын харьцаагаар ялалт байгуулснаар D хэсгээ тэргүүлсэн байна.

Үүний дараа шигшээ баг аваргын төлөө өрсөлдөх эрхийн төлөө Узбекистаны багтай барилдаж, 4:3-аар буулган авсан. Харин шигшээ тулаанд Казахстаны багийг 4:0-ээр илт давамгай ялснаар алтан медалийн эзэн болжээ.

Монголын жүдочид анх удаа Азийн аваргын оргилд гарлаа

Ингэснээр Монгол Улсын шигшээ баг холимог багийн төрөлд түүхэндээ анх удаа Азийн аварга болж байна. Өмнө нь үндэсний шигшээ баг “Нурсултан-2022”, “Хонгконг-2024” тэмцээнүүдээс мөнгөн медаль авч байсан бол “Фужайра-2019”, “Бангкок-2025” тэмцээнүүдэд хүрэл медаль хүртэж байв.

Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид нийт гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд зогсохгүй холимог багийн төрөлд түрүүлснээр багийн нийлбэр дүнгээр тэргүүлж эхэлжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу