ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтвортой нийлүүлэхээр болсон талаар албан ёсоор баталгаажууллаа.
Нэмэлт протоколд гарын үсэг зуржээ
Энэ асуудлыг баталгаажуулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй уулзах үеэр “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурсан байна.
Хэлэлцээр тогтвортой хангамжид чиглэж байна
Зам, тээврийн яамны мэдээлснээр, энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад агаарын хөлгийн түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэх юм байна. Мөн энэ баримт бичиг нь “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай” хэлэлцээрийн хамт хүчин төгөлдөр мөрдөгдөх ажээ.
Шатахууны үнийн дарамтыг бууруулах ач холбогдолтой
Шинэ зохицуулалт хэрэгжсэнээр Ойрх Дорнод дахь нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тос, шатахууны зах зээлд үүсэж буй үнийн өсөлтийн нөлөөг тодорхой хэмжээнд сааруулах, мөн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.