Монголын баг сүүлийн тоглолтдоо итгэлтэй ялалт байгууллаа
Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний III дивизионы В хэсгийн тоглолтууд өнгөрсөн долоо хоногт Хонконгт зохион байгуулагдлаа. Монголын шигшээ баг эхний дөрвөн тоглолтдоо дараалан ялагдсан ч хэсгийн сүүлийн тоглолтод Филиппиний багтай учраа тааран 13:4-ийн харьцаатай том ялалт байгуулжээ. Ингэснээр манай хоккейчид хэсгийн хүснэгтийн тавдугаар байрт бичигдсэн байна.
Хэсгийг Узбекистан тэргүүлж, Филиппин сүүл мушгив
Энэ хэсгийг Узбекистаны шигшээ баг тэргүүлж, 2027 онд III дивизионы А хэсэгт дэвшин тоглох эрхээ авлаа. Харин удаах байруудад Хойд Солонгос, Хонконг, Люксембургийн багууд орсон байна. Нэг ч ялалт байгуулж чадаагүй Филиппиний баг хэсгийн хамгийн сүүлд бичигджээ.
Монгол, Филиппиний тоглолтын шилдэг хамгаалагчаар Г.Бат-У, шилдэг тоглогчдоор У.Цэнгэл, М.Чинзолбоо нар тодорсон байна.
Монголын хоккейн шигшээ баг Дэлхийн аваргын III дивизионы В хэсэгт тоглох эрхийг 2025 онд авч байсан юм.