Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Улаанбаатар хотын циркийн өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдахаар боллоо. Энэхүү өдрүүдийн хүрээнд “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын нэр хүндтэй циркийн наадмуудаас гран-при, алт, мөнгө, хүрэл цом хүртэж байсан Монголын циркийн шилдэг уран бүтээлчид эх орондоо нэгдэн, нийслэлийн төв талбайд үзэгчидтэйгээ уулзах гэж байна.
Тодруулбал, Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 200 гаруй уран бүтээлч дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд байрлах асарт үнэ төлбөргүй тоглолтоо толилуулах юм. Тоглолтууд өдөр бүр 11:00, 14:00, 18:00 цагт болох бөгөөд нийслэлийн иргэд, хүүхэд багачууд, жуулчдад нээлттэй хүрэхээрээ онцлогтой.
“Улаанбаатар хотын циркийн өдрүүд” нь циркийн урлагийн гайхамшигт үзүүлбэрүүдийг олон нийтэд ойроос мэдрүүлэхээс гадна сургуультай амьтдын сэтгэл хөдөлгөм тоглолт, хүний биеийн хязгаарыг давсан ур чадвар, уран бүтээлчдийн олон жилийн хөдөлмөр, авьяасыг таниулах чухал ач холбогдолтой юм. Мөн энэ арга хэмжээ нь иргэд, хүүхэд залууст соёл урлагийн үнэ цэнийг ойлгуулж, үндэсний циркийн урлагаар бахархах сэтгэлийг төрүүлэх онцгой үйл явдал болохоор байна.