Ираны дайн бэлгэвчний зах зээлийг донсолгов: Том үйлдвэрлэгч үнээ 30 хувь хүртэл өсгөнө

Малайзын Karex Bhd компани Ойрх Дорнодод үргэлжилж буй мөргөлдөөн нийлүүлэлтийн сүлжээнд хүчтэй нөлөөлж, үйлдвэрлэлийн зардлыг нь өсгөсөн тул Durex зэрэг бүтээгдэхүүнийхээ үнийг 30 хүртэл хувиар нэмэхээр болсон талаар тус компанийн гүйцэтгэх захирал Го Миа Киат мэдэгдлээ.

Дэлхийн бэлгэвчний зах зээлийн ойролцоогоор 20 хувийг дангаараа хангадаг Karex Bhd нь Durex брэндээс гадна өөрийн шошготой One Condoms болон Carex бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Ойрх Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш газрын тосны гаралтай химийн түүхий эдийн хомсдол үүсэж, үнэ нь эрс өссөн нь нийлүүлэлтийн гинжин хэлхээнд дарамт учруулжээ. Үүний улмаас бэлгэвч үйлдвэрлэх өртөг 25-30 хувиар нэмэгдсэн байна.

Түүхий эдийн үнэ огцом өсөж, нийлүүлэлт тодорхойгүй болов

Одоогийн байдлаар компани 2-3 сарын түүхий эдийн нөөцтэй байгаа ч хэрэв мөргөлдөөн сунжирвал үндсэн материалын нийлүүлэлтэд илүү ноцтой эрсдэл үүсэж болзошгүй гэж үзэж байна.

Го Миа Киатын тайлбарласнаар Karex Bhd нь аммиак, этанол, силикон тос зэрэг газрын тосноос гаргаж авдаг хэд хэдэн чухал түүхий эд ашигладаг аж. Мөргөлдөөн эхэлснээс хойш силикон тосны үнэ 30 хувиар өссөн бол нитрил латекс буюу синтетик резиний үнэ хоёр дахин нэмэгджээ. Мөн байгалийн каучукийн үнэ 30 хувиар өссөн байна.

Орлуулагч олох хэцүү ч компани эрэлт буурахгүй гэж үзэж байна

Эрүүл мэндийн зориулалттай бүтээгдэхүүнд өндөр стандарт тавигддаг тул ашиглаж буй түүхий эдийг өөр материалаар орлуулах нь амаргүй гэж тус компанийн удирдлага онцолжээ. Гэсэн ч үнийн өсөлт хэрэглэгчдийн эрэлтэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн байр суурьтай байна.

1988 онд Малайзад байгуулагдсан Karex Bhd компани жил бүр таван тэрбумаас илүү бэлгэвч үйлдвэрлэж, дэлхийн 130 гаруй улсад нийлүүлдэг байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу