Ханеда нисэх буудлын ачаа тээшний хэсэгт роботуудыг туршина
Токиогийн Ханеда нисэх онгоцны буудлын ачаа тээш боловсруулах хэсэгт хүн дүрст роботуудыг туршилтын журмаар ажиллуулахаар болжээ. Японы иргэний агаарын тээврийн Japan Airlines буюу JAL компани ирэх сараас энэхүү туршилтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид ийм төрлийн роботуудыг байнгын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилготой байна.
Туршилт 2028 он хүртэл үргэлжилнэ
JAL компанийн мэдээлснээр, хүн дүрст робот ашиглах туршилт 2028 оныг дуустал үргэлжлэх ажээ. Ингэснээр ачаа тээшний хэсэгт ажилладаг ажилтнуудын биеийн хүчний ачааллыг багасгаж, ажиллах хүчний хомстлоос үүдэлтэй хүндрэлүүдийг бууруулна гэж тооцоолж байна. Ханеда нисэх онгоцны буудал жил бүр ойролцоогоор 60 сая зорчигчид үйлчилдэг томоохон зангилаа буудал юм. Ийм өндөр ачаалалтай орчинд дотоод үйл ажиллагааг илүү үр ашигтай болгох шаардлага улам нэмэгдэж байгаа ажээ.
Unitree компанийн хүн дүрст роботыг ашиглана
Энэхүү санаачилгын хүрээнд Ханжоу хотод төвтэй Unitree компанийн бүтээсэн хүн дүрст роботыг танилцуулсан байна. 130 см өндөртэй эдгээр роботуудыг голчлон биеийн хүч шаардсан ажилд ашиглахаар төлөвлөжээ. Гэсэн хэдий ч аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг хянах үүргийг хүмүүс үргэлжлүүлэн гүйцэтгэх юм. JAL компанийн үйлчилгээ хариуцсан захирал Ёшитэрү Сүзүки-гийн мэдэгдсэнээр, роботууд ачаалал ихтэй ажлуудад туслах боловч хүний хяналт зайлшгүй хэвээр үлдэнэ.
Жуулчдын өсөлт ба ажиллах хүчний хомстол
Энэ оны эхний хоёр сарын байдлаар Япон улс долоон сая гаруй гадаад жуулчин хүлээн авсан байна. Аялал жуулчлал эрчимтэй сэргэж, нисэх онгоцны буудлуудын ачаалал нэмэгдэж байгаа энэ үед ажиллах хүчний хомстол тус улсын хувьд ноцтой асуудал болжээ. Судалгаагаар Япон улс 2040 он гэхэд ойролцоогоор 6.5 сая гадаад ажиллах хүч шаардах төлөвтэй байна. Нисэх онгоцны буудлууд олон чиглэлээр автоматжиж байгаа ч дотоод үйл ажиллагааны олон хэсэг хүний хөдөлмөрөөс ихээхэн хамааралтай хэвээр байгаа юм. Шинжээчдийн онцолж буйгаар, хөдөлмөрийн зах зээл дээр үүсээд буй хомстол нь нисэх буудлын үйл ажиллагаанд шууд нөлөөлж болзошгүй тул робот, автоматжуулалтын шийдлийг улам идэвхтэй турших шаардлага бий болжээ.
Цаашид онгоцны салоны цэвэрлэгээнд ашиглана
Хүн дүрст роботууд нэг удаагийн цэнэглэлтээр 2-3 цаг тасралтгүй ажиллах боломжтой байна. Одоогоор тэднийг ачаа тээшний хэсэгт туршихаар төлөвлөж байгаа ч цаашид үүргийг нь өргөжүүлэхээр зорьж байна. Тухайлбал, ирээдүйд эдгээр роботуудыг онгоцны салоныг цэвэрлэх ажилд ашиглах боломжийг судалж байгаа ажээ. Ингэснээр нисэх буудлын болон агаарын тээврийн компанийн дотоод ажиллагаанд хүн дүрст роботын оролцоо улам нэмэгдэх төлөвтэй байна.