Трампын хөрөгтэй АНУ-ын тусгай паспорт гаргана

АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулсан цуврал

АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөг бүхий тусгай загварын паспортуудыг цувралаар гаргахаар болжээ. Ийм төрлийн иргэний үнэмлэхийг АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Паспортын агентлаг олгоно гэж Төрийн департамент мэдээлсэн байна.

Паспортын загвараас харахад хавтасны дотор талд Дональд Трампын хөрөг болон алтан өнгийн үсгээр бичсэн түүний гарын үсгийг байрлуулах ажээ. Харин паспортын арын нүүрэнд Америкийн зураач Жон Трамбуллын “Тусгаар тогтнолын тунхаглал” бүтээлийн хэсгийг оруулахаар төлөвлөсөн байна. Энэхүү тусгай цувралын паспортыг нийт хэдэн ширхэг хэвлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Стандарт загварын АНУ-ын паспортын хавтасны дотор хэсэгт Америкийн өөр нэгэн зураач Эдвард Перси Мораны бүтээл байдаг. Уг зурагт Балтимор дахь Макгенри бэхлэлтийг Британийн цэргүүд бөмбөгдсөний дараа АНУ-ын төрийн дууллын үгийг зохиосон Фрэнсис Скотт Киг дүрсэлсэн байдаг бөгөөд энэ үйл явдал нь түүний алдарт бүтээл төрөхөд нөлөөлсөн гэж үздэг.

Мөнгөн дэвсгэрт, алтан зоосонд ч Трампын нэр орно

Өмнө нь гуравдугаар сарын 23-нд АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан гаргах 100 долларын дэвсгэрт дээр ерөнхийлөгчийн гарын үсгийг хэвлэхээр болсон тухай мэдээлсэн билээ. Цагаан ордны тэргүүний гарын үсэг мөнгөн дэвсгэрт дээр сангийн няравын гарын үсгийг орлох гэж байгаа нь сүүлийн 165 жилийн хугацаанд анх удаа тохиох үйл явдал гэж онцолж байна.

АНУ-ын Урлагийн комисс мөн тусгаар тогтнолын ойд зориулан Дональд Трампыг ширээний ард гараа зангидан зогсож буйгаар дүрсэлсэн, “Эрх чөлөө” буюу Liberty гэсэн бичигтэй 24 каратын алтан зоос гаргахыг зөвшөөрчээ. 2025 оны аравдугаар сард Трампын засаг захиргаа тус комиссын бүх гишүүнийг чөлөөлж, оронд нь Цагаан ордны тэргүүнтэй ойр хүмүүсийг томилсон байна.

Трампын нэртэй байгууллага, төв, хөлөг онгоцны тухай мэдээлэл

Үүнээс өмнө Төрийн департамент АНУ-ын Энх тайвны хүрээлэнг Дональд Трампын нэрэмжит болгосон бол Вашингтон дахь Жон Ф.Кеннедийн нэрэмжит Дүрслэх урлагийн төвийн нэрийг “Дональд Ж.Трамп болон Жон Ф.Кеннедийн нэрэмжит Дүрслэх урлагийн дурсгалын төв” болгон өөрчилжээ.

Мөн Цагаан ордны тэргүүн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд зориулан хамгийн сүүлийн үеийн зэвсгээр тоноглогдсон “Трамп” ангиллын хоёр шинэ байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэх гэж байгааг зарлаад байгаа юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу