Засгийн газар ногоон эрчим хүчний томоохон шийдвэр гаргалаа: Таван аймагт шинэ станц ашиглалтад орно

Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тогтоол батлагдав

Засгийн газрын хуралдаанаар түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай тогтоолыг баталлаа.

Ерөнхий сайд Н.Учрал хуралдааны үеэр “Энэ ногоон тогтоол бол эрчим хүчний тусгаар тогтнолоо дархлан баталгаажуулах цогц шийдэл” гэдгийг онцолсон байна.

Тус тогтоолын хүрээнд ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг нөхөх, төвлөрсөн шугам сүлжээний ачаалал болон алдагдлыг бууруулах, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилт тавьжээ.

Энэ хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд батарей хуримтлуурын станц байгуулахаар төлөвлөсөн байна.

Эдгээр төслийг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 2026-2027 оны өвлийн их ачааллаас өмнө буюу арван хоёрдугаар сараас өмнө ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад даалгажээ.

Ногоон технологиор эрчим хүчний хамаарлыг бууруулна

Ерөнхий сайд мөн “Ногоон технологи, ногоон шийдэл, ногоон дугаар бүхэн эх байгалиа хамгаалж, эрчим хүчний тусгаар тогтнолоо бататгаж, түлш шатахуун, зардал мөнгөө хэмнэх эко шийдэл юм” гэдгийг онцоллоо.

Тогтоол хэрэгжсэнээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өсөж, эрчим хүчний импортын хамаарал буурна гэж үзэж байна. Мөн агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал багасах, цахилгаан тээврийн хэрэглээ болон дэд бүтэц эрчимжих, ногоон санхүүжилтийн хүртээмж сайжрах ач холбогдолтой гэж тооцжээ.

Ингэснээр Монгол Улсын урт хугацааны ногоон хөгжлийн зорилтын хэрэгжилтэд бодит ахиц гарах боломжтой гэж Засгийн газар үзэж байна.

Тогтоолд тусгасан арга хэмжээнүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл, дотоод болон олон улсын ногоон санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу