Москвагийн Ялалтын парадад цэргийн техникийн цуваа гарахгүй

Парадын цар хүрээг “оператив нөхцөл байдал”-тай холбон хумьжээ

Тавдугаар сарын 9-нд Москва хотын Улаан талбайд болох Ялалтын парадад цэргийн техник болон цэргийн сургуулийн сонсогчдын цуваа оролцохгүй гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам албан ёсоор мэдэгдлээ. Ийм өөрчлөлт гарах тухай таамаг өмнөх өдрөөс албан бусаар яригдаж эхэлсэн бөгөөд парадын цар хүрээг “үүсээд буй оперативын нөхцөл байдалтай холбогдуулан” хязгаарласан байна.

“Парадын явган жагсаалын бүрэлдэхүүнд цэргийн дээд сургуулиуд болон тусгай анги нэгтгэлүүдийн алба хаагчид оролцоно” гэж яамны мэдэгдэлд дурджээ.

Гэвч энэ удаагийн арга хэмжээнд “цэргийн техникийн цуваа” гарахгүй гэдгийг Батлан хамгаалах яам онцолсон байна. Үүний шалтгааныг “одоогийн оператив нөхцөл байдалтай холбоотой” гэж тайлбарласан ч парадын зохион байгуулалтад яг ямар хүчин зүйл нөлөөлсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Улаан талбайн жагсаалд мөн Суворов болон Нахимовын нэрэмжит цэргийн сургууль, кадетын корпусын сонсогчид оролцохгүй ажээ. 2022 онд Оросын цэргүүд Украин руу довтолж эхэлснээс хойш Улаан талбайн Ялалтын парадад цэргийн техник анх удаа оролцохгүй болж байна.

Агаарын үзүүлбэрийг хэвээр үлдээжээ

Цэргийн техникийн цуваа хасагдсан ч агаарын үзүүлбэр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Батлан хамгаалах яамны мэдээлэлд “Парадын үеэр Оросын нисэх хүчний үзүүлбэрийн багууд Улаан талбайн дээгүүр нисэх бөгөөд парадын төгсгөлд Су-25 дайрагч онгоцнууд Москвагийн тэнгэрийг ОХУ-ын төрийн далбааны өнгөөр чимэглэнэ” гэж мэдэгдэлд дурджээ.

Сүүлийн жилүүдэд Ялалтын парадын агаарын үзүүлбэр цаг агаарын таагүй нөхцөлөөс шалтгаалан хэд хэдэн удаа цуцлагдаж байсан юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу