Хүүгээ хорт хавдартай гэж худал мэдүүлж хандив авсан эхэд хорих ял оноожээ

Зургаан настай хүүгээ өвчтэй мэт харагдуулж, олон мянган доллар цуглуулсан байна

Australia-д зургаан настай хүүгээ хорт хавдартай гэж худал мэдээлэн хандив цуглуулж, уг мөнгөөр тансаг амьдралаа санхүүжүүлсэн эмэгтэйд дөрвөн жил гаруйн хорих ял оноожээ.

South Australia-аас гаралтай 45 настай уг эмэгтэй хүүгийнхээ үс, хөмсгийг хусаж, толгой болон гарыг нь боон, эм хэрэглүүлж, гэр бүл, найз нөхөд, ойр орчныхноо хүүхэд нь хүнд өвчтэй мэтээр итгүүлсэн байна. Ингэснээр тэрээр олон мянган долларын хандив босгосон гэж шүүх үзжээ.

Хуулийн шалтгаанаар нэрийг нь нууцалсан эмэгтэй хүүдээ хор хохирол учруулж болзошгүй үйлдэл хийсэн нэг зүйл анги, мөн залилан мэхэлсэн 10 зүйл ангиар гэм буруугаа хүлээсэн байна.

Лхагва гарагт болсон шүүх хурлын үеэр дүүргийн шүүхийн шүүгч түүний үйлдлийг “харгис”, “тооцоотой”, “зальжин” гэж тодорхойлжээ.

Шүүхийн мэдээлснээр энэ залилан хүү нь осолд орсны дараа нүдний эмчид үзүүлснээс эхэлсэн байна. Үүний дараа эмэгтэй нөхөр, гэр бүл, найз нөхөд болон сургуулийн орчинд хүүгээ нүдний хавдартай гэж хэлжээ.

Тэрээр хүүгээ тэргэнцэр ашиглуулахыг албадаж, өдөр тутмын хөдөлгөөн, үйл ажиллагааг нь хязгаарлан, туяа эмчилгээ хийлгэж байгаа мэт дүр зураг бүрдүүлсэн байна. Мөн хүүдээ өвчин намдаах эм болон нэмэлт бүтээгдэхүүн өгч байсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Өмгөөлөгч нь мөрийтэй тоглоомын донтолттой холбон тайлбарлажээ

Прокурорын зүгээс эмэгтэйг “хүүгээ заль мэхний хэрэгсэл болгон ашиглаж, ойр дотныхноо төөрөгдүүлсэн” гэж үзжээ. Мөн цуглуулсан мөнгөөрөө “чинээлэг, алдартнуудын амьдрал”-ыг дуурайхыг оролдсон гэж мэдэгдсэн байна.

Харин өмгөөлөгч нь Covid-19 цар тахлын дараа эмэгтэй мөрийтэй тоглоомын донтолттой болж, хүүгийнхээ ослыг ашигласан ч гэр бүлдээ хор хүргэх зорилгогүй байсан гэж тайлбарлажээ. “Тэр орлогоосоо давсан зардал гаргаж, боломжоо хэтрүүлэн амьдарч байсан” гэж өмгөөлөгч нь хэлсэн байна.

Эмэгтэйн нөхрийг эхэндээ хэрэгт холбогдуулан шалгасан ч цагдаа нар дараа нь түүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Нөхөр нь хохирогчийн мэдүүлэгтээ “эхнэр маань намайг болон хүүхдүүдийн минь амьдралыг сүйрүүлсэн” гэжээ.

Шүүхийн гадна тэрээр Australian Broadcasting Corporation-д ярихдаа “ямар ч ял оноосон хүүхдүүдэд учирсан зүйлийг нөхөж чадахгүй” хэмээн хэлсэн байна.

Эмэгтэйд дөрвөн жил гурван сарын хорих ял оноосон бөгөөд тэрээр ирэх оны дөрөвдүгээр сараас тэнсэн суллагдах боломжтой ажээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу