АИ-92-ын үнийг өртгөөс нь нэмэгдүүлэхгүй: Өвлийн дизель 800-900 төгрөгөөр өсөж магадгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахууны хангамж, нөөц болон үнийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, АИ-92 автобензинийг өртгөөс нь нэмэгдүүлэн худалдахгүй байх чиглэл өгснөө мэдэгдлээ.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв аравдугаар сарын 21-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, бензин болон дизель түлшний нийлүүлэлт, агуулахын хүчин чадал, үнийн өөрчлөлтийн талаар тайлбарласан байна.

Тэрбээр:

” Автобензины тухайд бид хүндрэлтэй нөхцөл байдалд орж, аж ахуйн нэгжүүд тэгш, хүртээмжтэй байдлаар үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдсан. БНХАУ, ОХУ, БНСУ гэсэн гурван улсаас шатахуун татан авч байгаа тул хоногийн нөөц нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар автобензины 10-11 хоногийн нөөцтэй байгаа бол нийт нөөц 25-26 хоногийн хэрэгцээг хангах хэмжээнд байна.

Дизель түлшний хувьд намрын ургац хураалтын ид үе болон уул уурхайн үйл ажиллагаа эрчимжсэн энэ үед хомсдолгүй ажиллаж байна. Нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа ч агуулах, савны хүрэлцээний асуудал тулгарч байна. Улаанбаатар төмөр замаар олон вагон дизель түлш орж ирсэн боловч зарим жижиг аж ахуйн нэгж буулгаж чадахгүй байгаа тул томоохон аж ахуйн нэгжүүдээс нэмэлтээр сав түрээслэх ажил хийж байна.

Олон улсын зах зээл дээрх нөхцөл байдлаас шалтгаалан автобензин, дизель түлшний үнийг нэмэгдүүлэх санал ирсэн. Үүний дагуу автобензины үнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Харин дизель түлшний нөөцийг өмнө нь сайн бүрдүүлсэн учраас төвийн болон говийн бүсэд зуны дизель түлш хэрэглэж байгаа.

Хангайн бүсэд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өвлийн дизель түлшинд шилжих шаардлагатай болсон тул өвлийн түлшийн үнийг 800-900 төгрөгөөр нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Шатахууны хангамжийг нэн тэргүүнд тавьж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэл баримталж байна. АИ-92 автобензинийг өртгөөс нь нэмэгдүүлэн зарахгүй байх чиглэл өгсөн бол Евро-5 стандартын автобензиний үнийг чөлөөтэй байлгахаар шийдвэрлэсэн.

Томоохон аж ахуйн нэгжүүд өнөө, маргаашдаа үнээ нэмэх бол жижиг аж ахуйн нэгжүүд шатахуунаа борлуулж эхлэх үед үнийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Ингэснээр том, жижиг аж ахуйн нэгжүүдийн борлуулах үнэд 100 төгрөгийн зөрүү үүсэх магадлалтай байна”

гэлээ.

Бензиний 10-11 хоногийн нөөцтэй байна

Яамны мэдээллээр одоогоор автобензиний нөөц 10-11 хоногийн хэрэглээг хангах хэмжээнд байгаа бол шатахууны нийт нөөц 25-26 хоногийн хэрэгцээг даах түвшинд хүрчээ.

Монгол Улс БНХАУ, ОХУ, БНСУ-аас шатахуун татан авч байгаа бөгөөд импортын эх үүсвэрийг ийнхүү төрөлжүүлснээр хоногийн нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа аж.

Дизель түлшний нийлүүлэлт одоогоор тасалдаагүй боловч асуудал нь зөвхөн импортоор хязгаарлагдахгүй байна. Төмөр замаар орж ирсэн их хэмжээний түлшийг зарим жижиг компани агуулах, савны хүрэлцээгүйн улмаас цаг тухайд нь буулгаж чадахгүй байгаа тул томоохон аж ахуйн нэгжүүдээс сав түрээслэх зохицуулалт хийж байгаа юм.

Үнийн хувьд олон улсын зах зээлийн өөрчлөлтөөс шалтгаалан импортлогчид бензин болон дизель түлшний үнийг өсгөх санал ирүүлжээ. Гэхдээ АИ-92-ын хувьд өртгөөс нь давуулан нэмэгдүүлж худалдахгүй байх чиглэл өгсөн бол Евро-5 стандартын бензиний үнэ зах зээлийн нөхцөлөөр чөлөөтэй тогтох юм байна.

Харин хүйтний улирал эхэлж буйтай холбоотойгоор Хангайн бүсэд өвлийн дизель түлш хэрэглэх шаардлага нэмэгдэж, нэг литрийн үнэ 800-900 төгрөгөөр өсөх төлөвтэй байгааг албаныхан мэдээллээ.

Мөн томоохон шатахуун импортлогчид үнээ түрүүлж шинэчилж, жижиг аж ахуйн нэгжүүд хуучин нөөцөө борлуулсны дараа үнийн өөрчлөлт хийх магадлалтай байна. Үүний улмаас хэсэг хугацаанд шатахуун түгээх станцуудын үнэ хоорондоо 100 орчим төгрөгийн зөрүүтэй байх боломжтой аж.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу