Anthropic дэлхийн хамгийн үнэтэй AI стартап болов
Claude чатботыг хөгжүүлэгч Anthropic компани $65 тэрбумын санхүүжилт татсанаар зах зээлийн үнэлгээ нь $965 тэрбумд хүрснийг Пүрэв гарагт зарлажээ.
Ингэснээр тус компани хиймэл оюуны технологийн салбар дахь хамгийн өндөр үнэлгээтэй стартап болж, олон жил анхаарлын төвд байсан OpenAI компанийг гүйцэн түрүүлж байна.
Жижиг тоглогчоос салбарын тэргүүлэгч хүртэл өсөв
Нэгэн үед хиймэл оюуны өрсөлдөөнд харьцангуй жижиг байр суурьтайд тооцогдож байсан Anthropic сүүлийн жилүүдэд огцом тэлж, томоохон компани, байгууллагуудад бүтээгдэхүүнээ амжилттай нэвтрүүлжээ.
Ялангуяа өнгөрсөн оны төгсгөлд код бичих зориулалттай хүчирхэг AI туслахуудыг зах зээлд гаргаснаар тус компани салбар дотроо илүү давамгай байр суурь эзлэх болсон байна.
Томоохон хөрөнгө оруулагчид санхүүжилтэд оролцов
Anthropic-ийн энэ удаагийн санхүүжилтийн шатанд Altimeter Capital, Dragoneer, Greenoaks, Sequoia Capital зэрэг нэр хүндтэй хөрөнгө оруулагчид оролцжээ.
“Claude нь манай улам бүр өсөн нэмэгдэж буй дэлхий дахины хэрэглэгчдийн зайлшгүй хэрэгцээтэй багаж зэвсэг болж байгаа бөгөөд бид Claude Code, Cowork зэрэг илүү хүчирхэг, илүү тустай, тэдний хэрэгцээнд илүү дасан зохицох чадвартай хэрэгслүүдийг хөгжүүлэхийн тулд шаргуу ажиллаж байна” гэж тус компанийн санхүүгийн албаны захирал Кришна Рао мэдэгдсэн байна.
Аюулгүй хиймэл оюун дээр төвлөрсөн байр суурь
Бизнесийн хэрэглээ болон код бичих шийдлүүдээрээ ялгарах болсон Anthropic өөрийгөө хиймэл оюуны аюулгүй байдлыг онцгойлон авч үздэг байгууллагуудын нэг гэдгийг мөн харуулсаар байна.
Энэ сарын эхээр Ромын пап Лео хиймэл оюуны эрсдэлийн талаар анхааруулсан 43,000 үгтэй нэвтэрхий толь бичиг гаргахад Anthropic-ийн үүсгэн байгуулагчид оролцсон байна.
Пентагонтой холбоотой шийдвэр маргаан дагуулав
Тус компани мөн бүтээгдэхүүнээ хүн алах зэвсэг, тагнах, чагнах зориулалтаар ашиглуулахгүй байх үүднээс Пентагонтой байгуулсан гэрээгээ цуцалж байжээ.
Энэ шийдвэрийн улмаас Anthropic болон Цагаан ордны хооронд зөрчил, маргаан үүсээд байгаа юм.
OpenAI-ийг үнэлгээгээрээ гүйцэв
Anthropic-ийн гол өрсөлдөгч OpenAI гуравдугаар сард $122 тэрбумын хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн үнэлгээ нь $852 тэрбумд хүрсэн билээ.
Оны эцэс гэхэд Anthropic-ийн үнэлгээ $1 их наядын босгод хүрч магадгүй гэсэн хүлээлт нэмэгдэж байна.