Нийслэлд томуу болон томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт үргэлжилж байна. Зорилтот бүлгийн нийт 293,200 иргэнийг вакцинд хамруулахаас одоогийн байдлаар 179,546 хүн буюу 66 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ.
Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын мэдээлснээр зорилтот бүлгүүдийн вакцинжуулалтын түвшин харилцан адилгүй байгаа бөгөөд ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж.
6 хүртэлх насны хүүхдүүдийн хамрагдалт 49 хувьтай байна
Одоогийн байдлаар томуугийн эсрэг вакцинд:
- Жирэмсэн 2,800 эмэгтэйгээс 863 буюу 30.8 хувь
- 6 сартайгаас 6 настай 210,400 хүүхдээс 103,147 буюу 49 хувь
- 65-аас дээш насны 34,720 иргэнээс 24,296 буюу 69.9 хувь
- Архаг хууч өвчтэй 27,750 иргэнээс 23,724 буюу 85.4 хувь нь хамрагджээ.
Эдгээрээс 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдийн вакцинжуулалтын хамрагдалт тал хувьд хүрээд байгаа тул аравдугаар сарын 3-ныг дуустал энэ насны хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлэхээр болсон байна.
HPV-ийн вакцинжуулалт 70 хувьд хүрчээ
Хүний папиллома вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалт мөн нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна.
11 настай нийт 40,377 хүүхдийг HPV-ийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөснөөс одоогоор 28,283 хүүхэд вакцин хийлгэжээ. Ингэснээр хамрагдалт 70 хувьд хүрсэн байна.
Хүний папиллома вирусийн зарим хэв шинж нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлтэй холбоотой байдаг тул уг дархлаажуулалт нь урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг юм.
Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт 46 мянга гаруй эмэгтэй хамрагджээ
Нийслэлийн хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт нийт 85,129 эмэгтэйг хамруулахаар төлөвлөсөн байна.
Үүнээс одоогийн байдлаар 46,356 эмэгтэй үзлэг, шинжилгээнд хамрагджээ.
Ийнхүү нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд томуугийн вакцинжуулалт, HPV-ийн дархлаажуулалт болон умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг зэрэг үргэлжлүүлж байгаа бөгөөд аравдугаар сарын 3 хүртэл бага насны хүүхдүүдийн томуугийн вакцинжуулалтад түлхүү анхаарахаар болжээ.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар