Өмнөд Солонгост марафон гүйлт эрчимтэй түгээмэл болж буй энэ үед 25 настай оюутан тэмцээний үеэр ухаан алдан нас барсан хэрэг гүйгчдийн эрүүл мэнд, томоохон спортын арга хэмжээний аюулгүй байдлын талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэжээ.
Аравдугаар сарын 11-нд болсон 2026 оны Сөүлийн хагас марафонд оролцож байсан Yoo Ji-won барианд хүрэхээсээ ердөө 500 метрийн өмнө газарт унаж, улмаар нас барсан байна.
Тэрээр KAIST буюу Korea Advanced Institute of Science and Technology их сургуулийн төгсөх ангийн 25 настай оюутан байжээ. Yoo Ji-won мөн гүйлтийн чиглэлээр сошиалд идэвхтэй контент бүтээж, бэлтгэл болон тэмцээнийхээ үр дүнг Instagram хуудсаараа тогтмол хуваалцдаг байсан аж.
Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна.
Гэсэн ч энэ харамсалтай тохиолдол Өмнөд Солонгост сүүлийн жилүүдэд асар хурдацтай өссөн гүйлтийн соёлын цаана оролцогчдын эрүүл мэнд, тэмцээний эмнэлгийн бэлэн байдал хангалттай эсэх асуудлыг дахин анхаарлын төвд оруулжээ.
Өмнөд Солонгост марафон маш хурдацтай түгээмэл болжээ
Зарим тооцоогоор 51 сая орчим хүн амтай Өмнөд Солонгост 10 сая гаруй хүн өөрийгөө тогтмол гүйдэг гэж үздэг байна.
Гүйлт нь тусгай талбай, өндөр үнэтэй тоног төхөөрөмж заавал шаарддаггүй, ганцаараа ч хичээллэх боломжтой тул завгүй амьдралтай хотын иргэдийн дунд эрэлттэй болжээ. Цар тахлын дараа олон хүн дотор орчинд бөөгнөрөхөөс зайлсхийж, гадаа хичээллэх спорт руу шилжсэн нь ч энэ өсөлтөд нөлөөлсөн гэж үздэг.
Үүнийг дагаад тус улсад марафон болон олон нийтийн гүйлтийн тэмцээний тоо огцом нэмэгдсэн байна.
2020 онд 19 марафон зохион байгуулагдаж байсан бол 2021 онд 49, 2022 онд 142, 2023 онд 205 болж өсжээ. Харин 2024 онд нэг сая гаруй хүн оролцсон нийт 254 гүйлтийн арга хэмжээ зохион байгуулагдсан байна.
Ийм хурдан өсөлт нь гүйлтийн спортын хөгжлийг харуулж байгаа ч оролцогчдын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн тусламж, яаралтай хариу арга хэмжээ, эрсдэлийн үнэлгээний тогтолцоог мөн сайжруулах шаардлага үүсэж байгааг эмнэлгийн байгууллагууд онцолжээ.
Yoo Ji-won нас барсны дараа Солонгосын Эмнэлзүйн Холбоо томоохон спортын арга хэмжээний аюулгүй байдлын менежментийг сайжруулахыг засгийн газарт уриалсан байна.
“Засгийн газар гүйлтийн тэмцээний аюулгүй байдлын менежмэнтийн төлөвлөгөөнд эмнэлгийн ажилтнууд болон шуурхай тусламжийн багаж хэрэгсэл байршуулах зэрэг эмнэлгийн бэлтгэл ажлыг тусгайлан тусгасан байх ёстой”
гэж тус холбоо мэдэгджээ.
Мөн гүйлтийн үеэр цээжээр өвдөх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрвэл тэмцээнээ үргэлжлүүлэх гэж зүтгэхгүй, нэн даруй зогсож тусламж авах хэрэгтэйг анхааруулсан байна.
Түүнчлэн:
“Зүрх судасны өвчтэй, дасгал хийж байхдаа цээжээр өвдөх, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрч байсан, эсвэл гэр бүлийн гишүүн нь бага залуу насандаа гэнэт нас барсан түүхтэй хүмүүс тэмцээнд оролцохоосоо өмнө эмчид хандах хэрэгтэй”
гэж уриалжээ.
Залуу, бэлтгэлтэй хүн байсан ч марафоны үеийн эрүүл мэндийн эрсдэлийг зөвхөн нас эсвэл дасгалын туршлагаар үнэлэх боломжгүй. Тиймээс томоохон гүйлтийн арга хэмжээнд оролцогчдын хувийн эрүүл мэндийн бэлтгэлээс гадна зохион байгуулагчдын эмнэлгийн бэлэн байдал, түргэн тусламжийн хүртээмж ч чухал хэвээр байна.
Yoo Ji-won-ы үхлийн шалтгаан албан ёсоор тогтоогдоогүй байгаа тул энэ тохиолдлыг тодорхой нэг өвчин, хүчин зүйлтэй холбон дүгнэх боломжгүй. Харин түүний нас баралт Өмнөд Солонгост асар хурдацтай өсөж буй марафон, олон нийтийн гүйлтийн арга хэмжээний аюулгүй байдлыг илүү нухацтай авч үзэх шаардлагатайг дахин санууллаа.