Justin Timberlake «What Goes Around…Comes Around» дуугаа Britney Spears-т зориулсан гэх олон жилийн ярианд тайлбар өгчээ. Тэрээр шилдэг бүтээлүүдээ эрэмбэлсэн шинэ ярилцлагын үеэр 2006 онд гарсан уг дуу өөрийнх нь хайр дурлалын түүхээс сэдэвлээгүйг хэлсэн байна.
Найзынх нь туулсан явдал дууны санааг төрүүлжээ
1999–2002 онд Britney Spears-тэй үерхэж байсан дуучин Complex сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:
«Одоо нэг зүйлийг тодруулах хэрэгтэй байх. Олон жилийн турш яригдсан нэг цуурхал бий. Энэ дуу миний хувийн амьдралаас сэдэвлээгүй, харин би найзаасаа зөвшөөрөл авч байгаад түүний туулсан явдлын тухай бичсэн юм» гэжээ.
Тэрээр найзтайгаа ярилцсан мөчөө мөн дурссан байна.
«Найз маань тухайн үед амьдралынхаа хүнд үеийг туулж байсан юм. Тэр надад юу болсныг ярьсан. Тэгэхэд нь би энэ тухай дуу бичиж болох уу? гэж асуухад найз маань Тэр новшийг шатаагаад өг, юу тарина түүнийгээ хураана гэж хэлсэн» хэмээн ярьжээ.
«Тэгээд л энэ дууны санаа төрсөн» гэж Timberlake нэмж хэлсэн байна.
Хорин минутад бүтсэн дуу нь жагсаалтыг тэргүүлсэн
Timberlake-ийн хэлснээр, уг бүтээлийг ойролцоогоор 20 минутын дотор зохиожээ. Тэрээр «What Goes Around…Comes Around»-ыг уран бүтээлийн замналынхаа хамгийн шилдэг хоёр дууны нэг гэж үнэлдэг байна.
Энэ дуу 2006 онд гарсан «FutureSex/LoveSounds» цомгийн гурав дахь сингл бөгөөд Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлсэн түүний гурав дахь бүтээл болсон юм.
Үнэнч бус байдлаас болж сүйрсэн харилцааг өгүүлдэг уг дуу олон улсад амжилт олж, Grammy наадмын «Шилдэг эрэгтэй поп гоцлол дууны үзүүлбэр» төрөлд шагнал хүртжээ.
«Cry Me a River»-ийн үргэлжлэл гэж үздэг байв
Шүтэн бишрэгчид тухайн үед уг бүтээлийг Timberlake-ийн 2002 оны хит «Cry Me a River» дууны үргэлжлэл хэмээн хүлээн авч байжээ. «Cry Me a River»-ийг ч Britney Spears-тэй салсан харилцааныхаа тухай бичсэн гэх таамаг өргөн тархсан юм.
Дууны клипэнд Spears-тэй төстэй эмэгтэй гардаг нь энэ яриаг улам хүчтэй болгосон байна. Мөн Timberlake 2011 онд уг дууг тэдний харилцаа дууссаны дараа бичсэнээ хүлээн зөвшөөрч байжээ.
Britney Spears дурсамж номдоо харилцааныхаа талаар бичсэн
Өдгөө 44 настай Britney Spears 2023 онд хэвлүүлсэн «The Woman in Me» дурсамж номдоо Timberlake-ийг өөрт нь удаа дараа үнэнч бус хандсан хэмээн буруутгасан юм.
Тэрээр мөн бүжиг дэглээч Wade Robson-той холбоотой болж, өөрөө ч Timberlake-д үнэнч бус байснаа номдоо хүлээн зөвшөөрсөн байна.