Испанийн Малага хотын түүхэн талбайд болсон эмгэнэлт явдал бухын тулааны маргааныг дахин сөхөв
Испанийн өмнөд хэсэгт орших Малага хотын түүхэн La Malagueta бухын тулааны талбайд матадор Рикардо Ортис буханд мөргүүлж, амиа алдсан байна.
Тэрээр тулаанд оролцох бухнуудыг бэлтгэх ажлын үеэр хашаан дотор ажиллаж байхдаа нэг бухны дайралтад өртөж, хүнд гэмтэл авсан аж. Уг арга хэмжээг зохион байгуулж байсан Lances de Futuro компани энэ явдлын дараа эмгэнэл илэрхийлж, бухын тулааны ертөнцөд хүндлэгдэж, хайрлагдаж явсан хүнээ алдсанаа мэдэгджээ.
Энэ эмгэнэлт хэрэг Пабло Пикассогийн нэрэмжит бухын тулаан болохоос ердөө нэг хоногийн өмнө болсон байна. Тухайн арга хэмжээнд гурван матадор зургаан бухтай тулалдахаар төлөвлөж байжээ.
Бухын тулаанчдын гэр бүлээс гаралтай Ортис энэ салбарт олон жил ажилласан нэгэн байв
1974 онд Малага хотод төрсөн Рикардо Ортис бухын тулааны уламжлалтай гэр бүлээс гаралтай байжээ. Тэр өөрөө ч энэ салбарт амжилттай ажиллаж, дараа нь зодог тайлсан хүн байсан аж.
Сүүлийн жилүүдэд бухын тулаан болон бухтай холбоотой наадмууд Испанийн уламжлалт соёлын нэг хэсэг хэвээр байгаа ч амьтны эрхийг хамгаалах байгууллагуудын хүчтэй шүүмжлэлд байнга өртөх болсон. Үүний улмаас энэ сэдэв олон нийтийн дунд маргаантай хэвээр байна.
2010-2023 оны хооронд Испанид зохион байгуулагдсан бухын тулааны наадмын тоо ч энэ шүүмжлэл, эсэргүүцлийн нөлөөгөөр буурсан байна.
Дэлхийн бусад орнуудад ч энэ уламжлал хумигдаж эхэлжээ
Бухын тулааны уламжлал зөвхөн Испанид бус, бусад улс оронд ч буурах хандлагатай байгаа аж. Тухайлбал, Колумб улс 2024 онд баталсан хуулиараа 2027 он гэхэд бухын тулааныг бүрэн хориглохоор болсон байна.
Мөн Мехико хот өнгөрсөн жил хуульдаа өөрчлөлт оруулж, бух болон матадорт учрах гэмтлийг багасгахын тулд сэлэм, жад зэрэг зэвсгийн хэрэглээг хязгаарлажээ.
Ийнхүү Рикардо Ортисын амь насаа алдсан эмгэнэлт хэрэг нь бухын тулааны аюул, мөн энэ уламжлалын ирээдүйн талаар өрнөдөг маргааныг дахин хүчтэй хөндөж байна.
Ийм эрсдэлтэй зүйл хийх хэрэг байна уу даа