Супермодель Cindy Crawford болон бизнесмэн Rande Gerber нарын хүү, Kaia Gerber-ийн ах Presley Gerber 27 насандаа таалал төгссөн талаар TMZ мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Presley Gerber ням гарагт Los Angeles хот дахь нөхөн сэргээх төвд байх үедээ нас барсан байна. Одоогоор түүний үхлийн албан ёсны шалтгааныг олон нийтэд зарлаагүй байгаа аж.
Гэр бүлийн төлөөлөгч Presley Gerber-ийн нас барсан тухай мэдээллийг баталж, дараах мэдэгдлийг хийжээ.
“Энэ маш хүнд, зовлонтой үед гэр бүлийн хувийн орон зайг хүндэтгэхийг хүсэж байна.”
Загварын салбарт багаасаа хөл тавьсан
Presley Gerber 1999 онд төрсөн бөгөөд Cindy Crawford, Rande Gerber нарын анхны хүүхэд юм. Түүний эцэг эх 1998 онд гэрлэсэн бөгөөд хоёр жилийн дараа охин Kaia Gerber нь мэндэлжээ.
Өдгөө Kaia Gerber загвар өмсөгч, жүжигчнээр ажилладаг бол Presley ч мөн өсвөр наснаасаа загварын салбарт хүч үзэж эхэлсэн байна.
Тэрээр IMG Models агентлагтай хамтран ажиллаж, Calvin Klein, Dolce & Gabbana, Tommy Hilfiger, Moschino зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн сурталчилгаа болон загварын шоунд оролцож байжээ.
Мөн загвар өмсөхөөс гадна гэрэл зураг сонирхдог байсан байна.
Сүүлийн жилүүдэд олны өмнө цөөн харагдах болсон
Presley Gerber сүүлийн жилүүдэд загварын тайз болон сурталчилгааны зураг авалтад харьцангуй цөөн оролцож байжээ.
Тэрээр өөрийн сошиал хуудсаар сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл гутрал болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээтэй холбоотой бэрхшээлүүдийн талаар нээлттэй ярьж байсан аж.
2020 онд Presley нүүрэндээ “Misunderstood” буюу “Буруугаар ойлгогдсон” гэсэн утгатай шивээс хийлгэсэн нь тухайн үед ихээхэн анхаарал татаж байсан ч хожим уг шивээсээ арилгуулжээ.
2023 онд “Studio 22” подкастад оролцох үеэрээ тэрээр өөрийн туулж өнгөрүүлсэн бэрхшээлийн талаар ярьж байсан юм.
“Би өөрөө сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, сэтгэл гутрал болон түүнтэй холбоотой өөр бэрхшээлүүдтэй нүүр тулж байсан. Хэрэв би нэг хүн ч бай, зуун хүн ч бай, өөрийнхөө нэгэн цагт байсан тэр байдлаас гарахад нь тусалж чадвал надад тэр л хангалттай.”
Гэр бүлийнхэнтэйгээ хамтарсан зураг авалтад оролцож байв
Presley Gerber өнгөрсөн жил гэр бүлийнхээ хамтаар Vuori брэндийн сурталчилгааны кампанит ажилд оролцсон байна.
Тухайн зураг авалтад Cindy Crawford, Rande Gerber, Kaia Gerber болон Presley Gerber нар хамт оролцож, гэр бүлийн зургаа олон нийтэд хүргэж байжээ.
2019 онд согтуугаар жолоо барьсан хэргээр саатуулагдаж байжээ
2019 онд Presley Gerber согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон хэргээр баривчлагдсан байна.
Шүүхээс түүнд гурван жилийн тэнсэн харгалзах ял оноож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүст зориулсан тусгай сургалт, нөхөн сэргээх хөтөлбөрт хамрагдахыг үүрэг болгожээ.
Мөн хоёр өдрийн олон нийтийн ажил хийх шийтгэл оногдуулсан байна.
Cindy Crawford хүүгийнхээ 27 насны төрсөн өдрийг саяхан тэмдэглэж байжээ
Энэ оны долоодугаар сард Presley Gerber 27 нас хүрсэн бөгөөд Cindy Crawford хүүдээ зориулан сошиал хуудсандаа архивын зургууд нийтэлж, төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Тэрээр:
“Төрсөн өдрийн мэнд хүргэе, Presley. Чиний ямар хүн болж төлөвшсөнөөр би үнэхээр их бахархдаг. Гэхдээ миний хувьд чи үргэлж миний бяцхан хүү хэвээр байх болно. Чамдаа хайртай.”
хэмээн бичиж байжээ.
Presley Gerber-ийн нас барсан тухай мэдээлэл гарсны дараа Cindy Crawford-ийн уг нийтлэлийн доор олон хүн эмгэнэл илэрхийлж, гэр бүлийнхэнд нь дэмжлэгийн үгс бичиж эхэлсэн байна.