Apple компани олон жилийн турш зайлсхийж ирсэн мэдрэгчтэй дэлгэцийн технологийг MacBook-д нэвтрүүлж, анхны touchscreen дэлгэцтэй MacBook Pro загвараа аравдугаар сарын 28-нд албан ёсоор танилцууллаа.
Шинэ зөөврийн компьютер арваннэгдүгээр сарын 6-наас худалдаанд гарах бөгөөд 14 болон 16 инчийн хоёр сонголттой байна. Дотроо Apple-ийн M5 Pro болон M5 Max чипийг ашиглах бөгөөд 14 инчийн загвар 2,899 ам.доллароос, 16 инчийн хувилбар 3,399 ам.доллароос эхлэх үнэтэй аж.
Дэлгэцэнд хүрч зураг зурж, хөгжим тоглож болно
Apple шинэ MacBook Pro-г энгийн хэрэглээнээс гадна дизайнер, хөгжүүлэгч, хөгжимчин зэрэг мэргэжлийн хэрэглэгчдэд илүү чиглүүлжээ.
Мэдрэгчтэй дэлгэцийн тусламжтайгаар танилцуулгын слайдуудыг гараараа чирж зөөх, график болон зураг дээр шууд ажиллах, виртуал хөгжмийн зэмсгийг дэлгэцээс удирдах боломжтой болсон байна. Аппликэйшн хөгжүүлэгчид ч бүтээж буй программаа тусдаа төхөөрөмж ашиглалгүйгээр MacBook-ийн дэлгэц дээр шууд туршиж болох аж.
Apple-ийн тайлбарласнаар мэдрэгч хүлээн авах давхаргыг дэлгэцийн гадаргуу дээр нэмэлтээр байрлуулаагүй, харин дэлгэцийн бүтцэд нь шууд нэгтгэсэн байна. Ингэснээр товших, шудрах, гүйлгэх зэрэг үйлдэлд гарах саатлыг багасгах боломжтой болжээ.
Шинэ MacBook Pro-д iPhone хэрэглэгчдийн сайн мэдэх Dynamic Island шийдлийг мөн оруулсан бөгөөд зураг, видео болон бусад бүтээлч ажил хийдэг хүмүүст зориулсан өнгө дүрслэлийн нэмэлт боломжуудыг багтаасан байна.
Apple энэ технологид урьд нь болгоомжтой ханддаг байв
Мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютер шинэ зүйл биш. Энэ төрлийн төхөөрөмжүүд зах зээлд арав гаруй жилийн өмнөөс гарч эхэлсэн бөгөөд Microsoft 2012 онд Windows 8 системээ танилцуулахдаа PC-ийн хэрэглээг таблет болон гар утасныхтай илүү төстэй болгохыг зорьж байлаа.
Гэвч тухайн үеийн мэдрэгчтэй интерфэйсүүд хэрэглэгчдэд ойлгомжгүй, компьютер дээр ашиглахад төвөгтэй гэх шүүмжлэл нэлээд дагуулсан юм.
Харин дараагийн жилүүдэд Dell, Lenovo зэрэг үйлдвэрлэгчид төхөөрөмжийн жин, нугасны хийц, дэлгэцийн мэдрэмж болон программын интерфэйсээ сайжруулснаар touchscreen зөөврийн компьютерууд илүү түгээмэл болжээ.
Apple ч мэдрэгчтэй удирдлагыг MacBook-д өмнө нь туршиж байсан. Тус компани 2016 онд MacBook Pro-д Touch Bar нэртэй жижиг мэдрэгчтэй самбар суурилуулсан ч энэ шийдэл хэрэглэгчдийн дунд хүлээлтэд хүрсэн амжилт үзүүлээгүй.
Харин энэ удаа Apple тусдаа удирдлагын самбар бус, үндсэн дэлгэцийг бүхэлд нь мэдрэгчтэй болгосноор өмнөх туршилтаасаа илүү том өөрчлөлт хийж байна.
Touchscreen ноутбукууд зах зээлийн 16.3 хувийг эзэлжээ
Олон улсын мэдээллийн технологийн судалгааны IDC байгууллагын тооцоогоор 2025 онд дэлхий даяар нийлүүлэгдсэн зөөврийн компьютеруудын 16.3 хувь нь мэдрэгчтэй дэлгэцтэй байжээ.
IDC-ийн дэд ерөнхийлөгч Райан Райтын тайлбарласнаар албан байгууллагын хэрэглэгчид зөөврийн компьютероо гаднын том дэлгэцтэй холбож ашигладаг болсон нь touchscreen төхөөрөмжийн хэрэглээний хэв маягт нөлөөлж байгаа аж.
Apple шинэ төрлийн бүтээгдэхүүний ангиллыг заавал хамгийн түрүүнд бий болгодог компани биш. MP3 тоглуулагч, таблет, ухаалаг цаг зэрэг төхөөрөмжүүд Apple-аас өмнө зах зээлд байсан ч тус компани тэдгээрийг илүү ойлгомжтой, энгийн хэрэглээтэй бүтээгдэхүүн болгон түгээмэл болгож чадсан түүхтэй.
Шинэ мэдрэгчтэй MacBook Pro-г ч мөн ижил стратегийн үргэлжлэл гэж харж болохоор байна.
Apple шинэ бүтээгдэхүүнүүдээр хэрэглэгчдийн анхаарлыг татахыг зорьж байна
Тус компани сүүлийн үед бүтээгдэхүүний хүрээгээ идэвхтэй өргөжүүлж байгаа бөгөөд ухаалаг гэрийн зах зээлд зориулсан HomeView төхөөрөмжөө танилцуулж, мөн эвхэгддэг дэлгэцтэй iPhone загварыг худалдаанд гаргаад байна.
Гэвч шинэ ангиллын бүтээгдэхүүн бүр зах зээлд амжилт олно гэсэн баталгаа байхгүй. Иймээс touchscreen MacBook Pro болон бусад шинээр гаргасан төхөөрөмжүүдийн борлуулалт, хэрэглэгчдийн хүлээн авалт хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байх төлөвтэй байна.
Зарим шинжээч мэдрэгчтэй MacBook гарснаар компьютерын зах зээл богино хугацаанд бүхэлдээ өөрчлөгдөхгүй ч touchscreen зөөврийн компьютерын талаарх хэрэглэгчдийн хандлага болон өрсөлдөгч үйлдвэрлэгчдийн цаашдын бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд тодорхой нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэж байна.
Ийнхүү Apple олон жилийн турш MacBook-ээс хол байлгаж ирсэн мэдрэгчтэй дэлгэцийн технологийг эцэст нь үндсэн бүтээгдэхүүндээ нэвтрүүлж, зөөврийн компьютерынхаа хөгжлийн шинэ үеийг эхлүүллээ.