Цаг агаарын төлөв: Шөнөдөө цочир хүйтэрч, өдөртөө дийлэнх нутгаар дулаарна

Ойрын цаг агаарын төлөвөөр нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Нийслэл орчимд шөнөдөө цочир хүйтэрч, зарим бүсээр хасах 24 хэм хүрэх төлөвтэй байна.

Улаанбаатар хот орчимд үүлэрхэг байх ч хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөд чиглэлээс секундэд 4-9 метрийн хурдтай салхилна.

Шөнийн цагаар Яармаг-Сонгины орчимд хасах 22-оос хасах 24 хэм хүрч хүйтрэх бол хотын бусад хэсэгт хасах 13-аас хасах 15 хэм байх аж. Харин өдрийн цагаар хасах 2-оос хасах 4 хэм хүйтэн байна.

Шөнийн цагаар Баян-Өлгий, Ховдын баруун хэсэг, Увс, Завхан болон Хөвсгөлийн хойд сумдаар 0.0-3.0 мм цас орох төлөвтэй. Өдөртөө цас орох нутгийн хүрээ тэлж Баян-Өлгий, Ховд, Увс, Завханы ихэнх нутаг, Хөвсгөл, Архангайн баруун хэсэг, Төв аймгийн зарим сум, Өвөрхангай болон Сэлэнгийн хойд сумдаар мөн хэмжээний цас орно. Бусад бүс нутагт цасгүй байна.

Шөнө ба өдрийн температурын зөрүү

Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр хасах 20-оос хасах 25 хэм хүйтэрнэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс болон Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр хасах 16-аас хасах 21 хэм байх бол Хангайн нурууны өвөр бэл, говийн баруун өмнөд хэсгээр хасах 2-оос хасах 7 хэм, үлдсэн нутгаар хасах 10-аас хасах 15 хэм хүйтэн байна.

Өдрийн цагаар ихэнх нутгаар харьцангуй дулаарч, говийн баруун өмнөд хэсэг болон Хангайн нурууны өвөр бэлээр нэмэх 3-аас нэмэх 8 хэм дулаан болно. Бусад нутгаар хасах 1-ээс хасах 4 хэм орчим байх бол уулархаг нутаг, голын хөндий, Дарьгангын тал нутаг болон Дархадын хотгорт хасах 4-өөс хасах 14 хэм хүйтэн байхаар байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу