“Цагаан хадны өнгө” өнөөдөр Монголд нээлтээ хийнэ: 6 жил баримтжуулсан бодит амьдрал дэлгэцнээ гарна

Монголын уул уурхайн бүс дэх нүүрс тээвэрчдийн бодит амьдралыг зургаан жилийн турш даган баримтжуулсан “Цагаан хадны өнгө” баримтат кино өнөөдөр “Тэнгис” кино театрт Монголын үзэгчдэд анх удаа хүрэх гэж байна.

Киноны гол дүр С.Майхүү нь Монголын уудам говийг туулан Хятадын хил рүү өдөр бүр цуврах мянга мянган нүүрс тээврийн машины дунд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилладаг цөөн эмэгтэй жолоочийн нэг юм.

Тэр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө өндөр эрсдэлтэй, нийгэм болон эрүүл мэндийн хамгаалалт дутмаг орчинд амьдралынхаа төлөө хэрхэн тэмцэж буйг киноны баг зургаан жилийн турш даган зураг авчээ.

Найруулагч Ч.Хоролдоржийн бүтээсэн “Цагаан хадны өнгө” нь Францын Petite Maison Production болон Монголын iCity Films компанийн хамтарсан бүтээл юм.

Олон улсын наадмуудад аль хэдийн анхаарал татжээ

Баримтат кино 2026 оны зургаадугаар сараас олон улсын үзэгчдэд хүрч эхэлсэн бөгөөд хэд хэдэн нэр хүндтэй кино наадамд сонгогдсон байна.

Тухайлбал Нью-Йоркийн Tribeca болон Их Британийн Sheffield DocFest наадмын уралдаант хэсэгт багтсан бөгөөд Цюрихийн кино наадмаас Filmpreis der Zürcher Kirchen шагнал хүртжээ.

Мөн Бусаны олон улсын кино наадмын Wide Angle хөтөлбөрт шалгарсан байна.

“Цагаан хадны өнгө” баримтат кино нь Монголын уул уурхайн хурдацтай өсөлт, асар их мөнгөн урсгалын цаана орхигдсон бодит амьдрал, хүнд хэцүү ажлын нөхцөлийг эгэл тээвэрчдийн түүхээр дамжуулан хурцаар хөнджээ.

Киноны зураг авалтыг Өмнөговь аймгийн Тавантолгой, Нарийн сухайт нүүрсний ордууд, Ханбогд сумын нутаг дахь Цагаан хад суурин болон нүүрс тээврийн замууд дээр хийсэн нь бүтээлийн баримтат өнгө аясыг улам бодит болгожээ.

Ч.Хоролдоржийн дараагийн томоохон бүтээл

Найруулагч Ч.Хоролдорж өмнө нь олон улсын кино наадмуудад бүтээлүүдээрээ оролцож байсан туршлагатай.

Түүний “Зүүд” богино хэмжээний кино 2010 онд Каннын кино наадмын Short Film Corner-д, “Шарга даага” уран сайхны кино 2013 онд Бусан болон Фрибургийн кино наадамд оролцож байжээ.

Харин “Говийн бүсгүй” бүтээлээрээ 2023 онд Британийн Grierson Award-аас “Шилдэг богино хэмжээний баримтат кино” шагнал хүртсэн байна.

“Цагаан хадны өнгө” нь энэ удаа уул уурхайн салбарын том тоо, экспорт, мөнгөн урсгалын цаана үлддэг жирийн тээвэрчдийн амьдралыг нэг эмэгтэйн түүхээр дамжуулан харуулахыг зорьжээ.

Кино өнөөдөр Монголын кино театрын үзэгчдэд хүрч эхлэх бөгөөд цаашид бүх IPTV платформд байршихаар төлөвлөсөн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу