Kim Soo Hyun болон талийгаач Kim Sae Ron-той холбоотой маргаан шинэ шатанд орлоо. Цагдаагийн байгууллага Hoverlab буюу Garosero Institute-ийн Kim Se Eui-г Kim Soo Hyun-ы талаар худал мэдээлэл тараасан гэж үзэж, түүнийг баривчлах үндэслэлүүдийг шүүхэд хүргүүлсэн байна.
JoongAng Ilbo-гийн мэдээлснээр Сөүл хотын Ганнам дүүргийн цагдаагийн газраас гаргасан баривчлах хүсэлтэд Kim Se Eui-г YouTube-ийн орлого зэрэг санхүүгийн ашиг олох зорилгоор Kim Soo Hyun-ы нэр хүндэд ноцтой хохирол учруулах худал мэдээлэл тараасан гэж дурджээ.
Цагдаагийн тал Kim Soo Hyun талийгаач Kim Sae Ron-той түүнийг насанд хүрээгүй байх үеэс үерхэж байгаагүй гэдгийг Kim Se Eui мэдэж байсан ч санаатайгаар гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан гэж үзсэн байна.
Мессежийн зургуудыг засварласан гэж цагдаа дүгнэв
Мэдээлэлд дурдсанаар Kim Se Eui өнгөрсөн гуравдугаар сард Kim Soo Hyun, Kim Sae Ron нарын үерхлийн нотолгоо гэж танилцуулсан мессежүүдийг цагдаа хуурамч гэж дүгнэжээ.
Тэрээр өнгөрсөн жил талийгаачийн ар гэрээс Kim Sae Ron болон үл мэдэгдэх хүн хоорондоо 2016 онд солилцсон гэх 11 ширхэг мессежийн screenshot хүлээн авсан байна. Үүний дараа долоон хэсгийг нь өөрчилж, харилцаж буй хүний нэрийг Kim Soo Hyun болгон засварласан гэж цагдаа үзжээ.
Цагдаагийн байгууллага Kim Se Eui нөгөө талын хэн болох нь батлагдаагүй байхад засварласан материалыг нийтэлж, хоёр хүн үнэхээр шууд харилцсан мэт ойлголт төрүүлсэн гэж дүгнэсэн байна.
Мөн Kim Se Eui-ийн тал өнгөрсөн тавдугаар сард нийтэлсэн талийгаач Kim Sae Ron-ы дуу хоолойн файлуудыг AI технологи ашиглан өөрчилсөн байж болзошгүй гэж цагдаа үзжээ.
Ар гэрийн өмгөөлөгчийг ч шалгаж байна
Kim Sae Ron-ы ар гэрийн хууль ёсны төлөөлөгчийг мөн Kim Se Eui-тэй хамт мөрдөн шалгах байгууллагад бүртгэсэн гэж мэдээлэгдсэн байна. Цагдаагийн байгууллага тухайн өмгөөлөгчийг Kim Se Eui-д буруутгалын материал нийлүүлж, худал мэдээллийг тараахад оролцсон төдийгүй үүнийг зохион байгуулалттай, урьдчилан төлөвлөсөн хэлбэрээр өргөжүүлсэн гэж үзжээ.
Kim Soo Hyun-ы хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Ko Sang Rok тавдугаар сарын 20-нд өөрийн сошиал хуудсандаа энэ талаар тайлбар хийсэн байна. Тэрээр Kim Soo Hyun-ы тал ар гэрийн өмгөөлөгчийн эсрэг гомдол гаргаагүй боловч мөрдөн шалгах байгууллага тухайн хүнийг хамсаатан гэж үзэн сэжигтнээр өөрчилсөн бололтой гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр сэжигтний өмгөөлөгчийг хамсаатан гэж үзэж, дараа нь сэжигтнээр татах нь маш ховор тохиолдол юм.
Kim Soo Hyun сэтгэлзүйн эмчилгээ хийлгэж байгаа гэж дурджээ
Цагдаагийн байгууллага баривчлах хүсэлтдээ энэ хэрэг Kim Soo Hyun-ы нийгмийн байр суурь болон эдийн засгийн үйл ажиллагаанд ноцтой нөлөөлж, мэргэжлийн амьдралыг нь сүйрүүлэх хэмжээнд хүрсэн гэж бичсэн байна.
Мөн Kim Soo Hyun одоогоор сэтгэлзүйн эмчилгээ хийлгэж байгаа тул Kim Se Eui худал мэдээлэл тараасаар байвал засах боломжгүй ноцтой хохирол учруулж болзошгүй гэж үзжээ.
Нөгөө талаар Kim Se Eui прокурорын баривчлах хүсэлтийг өөрийн сурвалжлах үйл ажиллагааг саатуулах зорилготой гэж мэдэгдсэн байна. Тэрээр өмнөх өдөр хийсэн live нэвтрүүлгийн үеэр Вьетнамын Ханой хотод нэр бүхий улстөрчтэй холбоотой бэлгийн гэмт хэргийн хэргийг үргэлжлүүлэн шалгахаар төлөвлөж байсан гэж ярьжээ.
Kim Se Eui-ийн үзэж буйгаар гэнэт баривчлах хүсэлт гаргасан нь түүний сурвалжлах ажлыг зогсоох гэсэн оролдлого аж.