Монгол Улсад гангийн үйлдвэрлэлийг шинэ түвшинд хүргэхээр төлөвлөж буй томоохон төслийн хүрээнд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Энэ хүрээнд гангийн салбарын дэлхийд тэргүүлэгч улс орон, компаниуд болон хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах урилга хүргүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалтыг ирэх тавдугаар сарын 27-нд зохион байгуулахаар болжээ.
Төслийн дагуу Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт жилд нэг сая тонноос доошгүй хүчин чадалтай Ган үйлдвэрлэлийн цогцолборыг үйлдвэрлэл, технологийн паркийн зарчмаар байгуулахаар ажиллаж байна. Урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлээр уг төслийн нийт хөрөнгө оруулалтыг 806 сая ам.доллар байхаар тооцоолсон байна.
Гангийн үйлдвэрийн хэрэгцээ, эдийн засгийн ач холбогдол ч сүүлийн жилүүдэд улам тодорч байгаа юм. 2025 оны эцсийн байдлаар Монгол Улс 911 сая ам.долларын үнэ бүхий нэг сая тонн ган бүтээгдэхүүн импортоор авсан бөгөөд энэ дүн 2030 он гэхэд 1.6 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж. Харин дотооддоо гангийн цогцолбор үйлдвэртэй болсноор төлбөрийн тэнцэл 350-400 сая ам.доллараар сайжрах боломжтой гэж үзэж байна. Мөн томоохон бүтээн байгуулалтын өртөг ойролцоогоор 10 хувиар буурах эерэг нөлөө гарах тооцоо хийжээ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үеэр Монгол Улсад төмрийн хүдрээс ган үйлдвэрлэх технологи бүхий том хүчин чадлын үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулсан туршлагатай аж ахуйн нэгж одоогоор байхгүйг онцолсон байна. Үүнтэй холбоотойгоор энэ чиглэлээр мэргэшсэн инженер, мэргэжилтний нөөц хязгаарлагдмал байгаа нь төслийг зөвхөн дотоодын боломжид тулгуурлан хэрэгжүүлэхэд хүндрэлтэй гэж үзжээ. Ийм нөхцөлд технологийн болон санхүүгийн эрсдэл өндөр гарах магадлалтайг мөн анхааруулсан байна.
Иймээс уг төслийг олон улсын хөрөнгө санхүү, дэвшилтэт технологи, зах зээлийн туршлагатай гангийн салбарын мэргэшсэн түнштэй хамтран хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой шийдэл гэж Засгийн газар үзэж байна.