Дубайд шуугиан тарьсан тансаг бүтээл: алмааз, алттай ДАШТ-ийн цомыг легогоор угсарчээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хот дахь “Passion Jewellers” үнэт эдлэлийн дэлгүүрт хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний цомыг легогоор бүтээсэн онцгой загварыг олон нийтэд танилцуулжээ. Энэхүү бүтээл нь жирийн тоглоомын угсралт бус, алмаазан шигтгээ, алтны чимэглэлээр баяжуулсан тансаг хувилбар гэдгээрээ анхаарал татаж байна.

Бодит ДАШТ-ийн цомтой адил хэмжээтэйгээр хийсэн уг лего бүтээлийг 900 ширхэг алмааз болон 18 каратын алтаар гоёсон байна. Үнэт эдлэл, тоглоомын ертөнцийг нэг дор нэгтгэсэн энэ бүтээлийн үнэлгээ ойролцоогоор 300,000 дирхам буюу 82,000 ам.долларт хүрч байгаа аж.

Дубайд сүүлийн 25 жилийн турш үнэт эдлэлийн чиглэлээр ажиллаж буй Энэтхэг гаралтай урлаач Хемант Карамчандани энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан уг бүтээлээ урласан байна. Тэрээр дэлхийн хамгийн нэр хүндтэй спортын цомыг өөрийн салбарын өнгө төрхтэй хослуулан дахин бүтээх санааг ийн хэрэгжүүлжээ.

Карамчандани энэхүү санаагаа 10 настай хүү Яаш нь легогоор тоглож байхыг хараад анх олсон байна. Дараа нь хүү нь ДАШТ-ийн цомын үндсэн хэлбэрийг легогоор угсрахад гурван өдөр зарцуулсан бол Карамчандани өөрөө алмааз, алтны чимэглэл болон эцсийн нарийн хийцийг гүйцэтгэхэд 35 хоног ажилласан гэжээ.

Сонирхолтой нь хөлбөмбөгийн ДАШТ-ийн жинхэнэ цом мөн 18 каратын алтаар бүрсэн байдаг. Түүний зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250,000 ам.доллар гэж тооцогддог ч Диего Марадона, Зинедин Зидан, Лионель Месси зэрэг домогт хөлбөмбөгчдийн гар дээр өргөгдөж байсан уг цомыг 20 сая ам.доллараар даатгуулсан байдаг.

Одоогийн ДАШТ-ийн цомыг Италийн уран барималч Силвио Газзанига 1974 онд бүтээсэн юм. Загварын хувьд дэлхийг өргөн зогсож буй хоёр хүний дүрслэлтэй бөгөөд энэ нь хөлбөмбөгийн дэлхийн аваргын сүр хүч, хүн төрөлхтний нэгдлийг бэлгэддэг.

Өнөөдөр эх цомыг Швейцарь дахь Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу FIFA-гийн музейд хадгалдаг. Харин ДАШТ-ийн үеэр л түрүүлсэн багт ёслолын журмаар гардуулдаг бөгөөд тэмцээн өндөрлөсний дараа аварга багт эх цомын хуулбар хувилбарыг өгдөг байна.

Энэ жилийн тэмцээний аваргад уг цомыг долдугаар сарын 19-нд АНУ-ын Нью-Йорк хотын “MetLife” цэнгэлдэх хүрээлэнд гардуулах товтой. ДАШТ-ийн эх цом нийт 6.14 кг жинтэй бөгөөд дэлхийн хөлбөмбөгийн хамгийн үнэ цэнтэй бэлгэдлүүдийн нэг хэвээр байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу