“Эхийн алдар” одонд том өөрчлөлт орлоо: хүүхдийн нас харгалзахгүй олгохоор батлав

УИХ-ын нэгдсэн хуралдаан 52.4 хувийн ирцтэй эхэлжээ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан 52.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн байна. Үдээс өмнөх хуралдаанд нийт 95 гишүүн хүрэлцэн ирж, хэлэлцэх асуудлын дарааллын дагуу 11 асуудлыг хэлэлцжээ.

Тухайн өдөр хуралдаанд хамгийн түрүүнд ирж, цагаа бүртгүүлсэн УИХ-ын гишүүн Аюушийн Ариунзаяа, Отгоны Саранчулуун, Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Ганбатын Очирбат, Бөхчулуун Пүрэвдорж нарыг УИХ-ын дарга С.Бямбацогт нэр дурдаж онцолсон байна.

“Эхийн алдар” одон олгох журамд өөрчлөлт орлоо

Нэгдсэн хуралдаанаар өмнөх өдөр эхлүүлсэн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хэд хэдэн хууль, тогтоолын төслийг батлах эсэх асуудлаар санал хураалт явуулжээ.

Энэ хүрээнд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан байна. Санал хураалтад нийт гишүүдийн 84 хувь буюу 68 гишүүн дэмжиж санал өгснөөр уг төсөл батлагджээ.

Энэхүү өөрчлөлтийн гол онцлог нь цаашид “Эхийн алдар” одон олгохдоо хүүхдийнх нь насыг харгалзахгүй байхаар зохицуулсан явдал юм. Мөн эхчүүдэд урамшуулал олгох шалгуурыг цөөлж буйгаараа ач холбогдолтой гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн зарим заалтыг хүчингүйд тооцох төслийг батлав

Санал хураалт үргэлжилж, Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах эсэхийг хэлэлцсэн байна.

Уг санал хураалтаар 70 гишүүн дэмжсэн санал өгч, хуулийн төслийг баталжээ.

Хүүхдийн хөгжлийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Мөн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна.

Санал хураалтын дүнгээр гишүүдийн 70.8 хувь нь уг төслийг хэлэлцэхийг дэмжжээ. Ингээд төслийг цаашдын хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн байна.

Хүний эрхийн 25 дахь илтгэлтэй холбоотой тогтоол батлагдлаа

Хуралдаанаар мөн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.

Санал хураалтаар 73 гишүүн дэмжиж, уг тогтоолын төслийг баталсан байна.

Энэхүү тогтоолд хүүхэд хамгаалал, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, мэдэх эрх, хүний эрх хамгаалагчийн асуудал, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр Засгийн газарт тодорхой үүрэг болгожээ.

Хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлттэй шийдвэр болов

Батлагдсан тогтоол нь хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт бүхий хавсралттайгаараа онцлог юм. Энэ нь цаашид үр дүнг бодитой үнэлэх, хяналт-шинжилгээ хийх, төрийн байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэр гэж үзэж байна.

УИХ-ын дарга С.Бямбацогт уг тогтоолын ач холбогдлыг онцолж, холбогдох Ажлын хэсэгт баяр хүргэсэн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу