Эквадорын Гуаякил хотын католик сүмд мөргөлийн ёслолын үеэр эмгэнэлт осол гарч, санваартан дээрээс том модон загалмай унасны улмаас амиа алдсан байна. Тухайн үеийн мөргөлийг цахимаар шууд дамжуулж байсан тул ослын мөч бичлэгт үлджээ.
Сүмийн захиргаанаас Даваа гарагт Facebook хуудсаараа мэдээлэхдээ Патрисио Альфредо Санчес Молинари хэмээх санваартан Бямба гарагт “Перпетуо Сокорро” сүмд болсон ослын улмаас нас барсныг мэдэгдсэн байна.
Шууд дамжуулалтын дүрс бичлэгт Санчес мөргөлийн ёслол удирдаж байх үед түүний арын хананд байрлуулсан том модон загалмай гэнэт унаж, толгой хэсэгт нь тусаж байгаа нь харагджээ.
Осол болох мөчид сүмд байсан хүмүүс цочирдон хашхирч, хэд хэдэн хүн түүн рүү яаран очиж туслахыг оролдсон нь мөн бичлэгт үлдсэн байна.
Талийгаачийн дурсгалд зориулсан мөргөл зохион байгуулжээ
Ослын маргааш буюу Ням гарагт тус сүмд Гуаякил хотын кардинал Луис Кабрерагийн удирдлага дор Патрисио Санчесын гэгээн дурсгалд зориулсан тусгай мөргөл болсон байна.
Сүмийн захиргаанаас:
“Дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэлийн үгс илгээсэн сүсэгтнүүдэд, ялангуяа Патрисио Санчесын сүнсийг мөнхийн амгалан нойрсуулахын төлөө залбирч буй та бүхэндээ бид талархаж байна”
хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр эмгэнэлт явдал Санчес хуримын ёслол удирдахаар бэлтгэж байх үед болсон байж магадгүй аж.
Одоогоор Эквадорын цагдаагийн байгууллага ослын шалтгаан, загалмай хэрхэн унасан талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Сүмийн зүгээс талийгаач санваартны гэр бүл, ойр дотныхон болон сүсэгтнүүдэд эмгэнэл илэрхийлж, түүний дурсгалыг хүндэтгэхийг уриалжээ.