Elon Musk-ийн өмнөх хамтрагч Ashley Saint Clair тэдний харилцаа болон хүү Romulus-ийн талаар олон нийтэд ярьсны дараа сар бүр авдаг хүүхдийн тэтгэмж нь огцом буурсан гэж мэдэгджээ. Түүний хэлснээр нууцлалын гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан нь санхүүгийн дэмжлэг буурах эхлэл болсон байна.
28 настай зохиолч, инфлюенсер Ashley Saint Clair “Musk” нэртэй баримтат бүтээлд оролцох үеэрээ энэ талаар дэлгэрэнгүй ярьжээ.
Түүний мэдэгдсэнээр Musk-ийн баг анх харилцаа болон хүүхдийн талаар олон нийтэд мэдээлэхгүй байх нөхцөлтэйгөөр 15 сая ам.долларын нэг удаагийн төлбөр, дээр нь сар бүр 100 мянган ам.долларын хүүхдийн тэтгэмж санал болгосон байна.
Гэвч Saint Clair энэ нөхцөлийг хүлээн авахаас татгалзжээ.
“Би шинээр төрсөн хүүгээ нууц мэт орших ёстой хүн гэж мэдрүүлэхийг хүсээгүй.”
Түүний ярьснаар нууц задруулахгүй байх гэрээ буюу NDA-д гарын үсэг зураагүйн дараа сар бүрийн тэтгэмжийг 100 мянган ам.доллараас 40 мянга болгон бууруулжээ.
Харин 2025 оны хоёрдугаар сард тэр Romulus-ийг олон нийтэд ил болгосны дараа төлбөрийг дахин таллаж, 20 мянган ам.доллар болгосон гэж мэдэгдсэн байна.
Ингэснээр анхны саналтай харьцуулахад сар бүрийн дэмжлэг 80 мянган ам.доллараар багассан гэсэн үг юм.
“Жирэмсэн болохоос өмнө тэр огт өөр байсан”
Ashley Saint Clair мөн жирэмслэлтээс өмнөх болон дараах Musk-ийн хандлага эрс ялгаатай байсан гэж ярьжээ.
“Musk намайг жирэмсэн болох хүртэл маш сайхан харьцдаг байсан. Харин хүүхдээ төрүүлсний дараа л би өмнө нь огт харж байгаагүй түүний өөр талуудыг олж харсан.”
Тэд 2023 онд X платформоор дамжин ойртож эхэлсэн гэж Saint Clair тайлбарласан байна. Musk түүний нийтлэлүүдэд байнга хариу үлдээдэг байсан бөгөөд Эх үрсийн баярын үеэр нэг удаа:
“Чи илүү олон хүүхэдтэй болох хэрэгтэй. Бид хүүхэдтэй болох ёстой. Чи 10 хүүхэдтэй байх хэрэгтэй.”
гэж бичсэн хэмээн тэр дурсжээ.
Saint Clair үүнээс гадна Musk олон нийтэд мэдэгдсэнээсээ ч олон хүүхэдтэй байж магадгүй гэсэн ноцтой таамаг дэвшүүлсэн байна. Түүний хэлснээр Musk зарим эмэгтэйтэй хувийн зурвасаар холбогдон хүүхдийн эцэг болох санал тавьдаг байсан гэх бөгөөд Япон эмэгтэйд үрийн шингэн хандивласан гэх мэдээллийг ч дурджээ.
Saint Clair бүр түүний хувийн зурвасуудыг хэт олон эмэгтэйд ижил санал тавьдаг гэсэн утгаар “үрийн шингэний Gatling буу” хэмээн ёжилсон байна.
Гэхдээ эдгээр мэдэгдэл нь Saint Clair-ийн өөрийн ярианд тулгуурлаж байгаа бөгөөд тус бүрийг нь бие даасан эх сурвалжаар баталгаажуулсан баримт олон нийтэд ил болоогүй байна.
Тэр мөн жирэмсэн болохоосоо өмнө Musk өөрт нь:
“Иргэний дайн эхлэхээс өмнө би хүүхдүүдийн легион бий болгохыг хүсэж байна.”
гэж зурвас илгээсэн хэмээн мэдэгджээ.
Эцэг тогтоох, тэтгэмжийн маргаан шүүхэд үргэлжилж байна
Ashley Saint Clair болон Elon Musk нар одоо Romulus-ийн эцэг эхийн эрх болон хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудлаар хууль эрх зүйн маргаантай байгаа гэх мэдээлэл бий.
Saint Clair-ийн өмгөөлөгчдийн зүгээс санхүүгийн дэмжлэгийн хэмжээ эрс буурсан нь түүнийг хүнд нөхцөлд оруулсан гэж мэдэгдсэн байна.
Харин Musk-ийн тал өмнө нь нийт 2.5 сая ам.долларын төлбөр хийсэн гэж тайлбарлаж, мөн эцэг тогтоох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж мэдээлжээ.
Saint Clair Romulus-ийг Musk-ийн 13 дахь хүүхэд хэмээн олон нийтэд танилцуулсан. Үүний дараа Musk Neuralink-ийн удирдах албан тушаалтан Siobhan Gillis-тэй дахин хүүхэдтэй болсон гэх мэдээлэл тарж, хүүхдийнх нь тоо 14 болсон гэж зарим хэвлэл бичсэн байна.
Гэвч энэ хэргийн хүрээнд яригдаж буй тэтгэмжийн хэмжээ, хувийн тохиролцоо, хүүхдийн тоо болон бусад зарим мэдээлэл нь талуудын мэдэгдэлд тулгуурласан хэвээр байгаа бөгөөд шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна.
Баячуудын амьдрал ч бас сонин юм аа, дандаа л дуулиантай