Энэ Ням гарагт бүх нийтээр амарна: Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо

Бурхан багшийн Их дүйчин өдөр тавдугаар сарын 31-нд болно

Бурхан багшийн Их дүйчин өдөр зуны тэргүүн сарын шинийн 15 буюу 2026 оны тавдугаар сарын 31-ний Ням гарагт тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ өдөр бүх нийтээр амрах юм.

Дүйчин өдөр гэж юу вэ

Толь бичигт тайлбарласнаар, дүйчин гэдэг нь Бурхан багш бодь хутгийг олсон, мөн нирваан дүрийг үзүүлсэн өдрийг илэрхийлдэг байна.

Энэ өдөр муу үйл хийхийг цээрлэдэг уламжлалтай. Тухайлбал, хэрүүл маргаан үүсгэх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлох, гүтгэх, өгөөгүй зүйлийг авах зэрэг үйлдлээс татгалздаг ажээ.

НҮБ-аас олон улсын хэмжээнд тэмдэглэхээр шийдвэрлэсэн

1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байх шийдвэр гаргасан байдаг.

Монгол Улсын хувьд энэ өдрийг 300-400 жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн уламжлалтай гэж үздэг.

Монгол Улс 2019 оноос бүх нийтээр амардаг болсон

Манай улс 2019 оноос эхлэн Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгож, бүх нийтээр амардаг болсон юм.

Ингэснээр уг өдөр нь шашин, соёл, уламжлалын ач холбогдолтойгоос гадна албан ёсны амралтын өдөрт тооцогдох болсон байна.

Энэ жил ариун ринсрэлийг Энэтхэгээс Монголд зална

Энэ жилийн Их дүйчин өдөр Бурхан багшийн хоёр манлай шавь болох Шаарийбуу, Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг Улсаас Монгол Улсад залж буйгаараа онцлог болж байна.

Энэхүү үйл явдал нь Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд сүсэгтэн олны анхаарлыг татах чухал үйл явдлын нэг болох төлөвтэй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу