Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Эрэлч нохойн сургалтын алба байгуулагдсанаасаа хойш 151 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолын дагуу ОБЕГ 2017 онд Эрэлч нохойн сургалтын албыг байгуулжээ. Тус алба 2018 оноос хойш давхардсан тоогоор 62 аврагч-нохой хөтлөгч бэлтгэсэн байна.
Энэ хугацаанд эрэлч ноход болон хөтлөгчид 145 удаагийн гамшиг, ослын дуудлагад үүрэг гүйцэтгэжээ. Үүний үр дүнд 151 хүний амь насыг аварч, 125 буцалтгүй нэрвэгдэгчийг олж илрүүлсэн байна.
Туркийн газар хөдлөлтийн бүсэд ч ажиллажээ
2023 онд БНТУ-д болсон хүчтэй газар хөдлөлтийн голомтод Монголын Эрэн хайх, аврах баг үүрэг гүйцэтгэсэн. Тус багийн бүрэлдэхүүнд хоёр эрэлч нохой оролцож, аврах ажиллагаанд амжилттай ажиллажээ.
ОБЕГ-ын мэдээлснээр тухайн үед Монголын эрэлч ноход найман хүний амийг аварч, 19 буцалтгүй нэрвэгдэгчийг олж илрүүлсэн байна.
Эрэлч нохойн сургалтын алба нь гамшиг, ослын үед хүний амь аврах, сураггүй болсон иргэдийг олох, нуранги болон хүндрэлтэй орчинд эрэн хайх ажиллагааг дэмжих чухал үүрэгтэй ажиллаж байна.