Өмнөд Солонгос ДАШТ-ий хэсгийн шатнаас хасагдав
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатанд Өмнөд Солонгосын үндэсний шигшээ баг шалгарч чадсангүй. Энэхүү бүтэлгүй үр дүнгийн дараа тус багийн ахлах дасгалжуулагч Хон Мюн Бо албан тушаалаасаа огцорч байгаагаа Ням гарагт мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлагч асан, өдгөө 57 настай Хон Мюн Бо үндэсний багаа хоёр дахь удаагаа удирдахдаа дахин ДАШТ-ий хэсгийн шатнаас хасагдууллаа. Тэрээр өмнө нь 2014 оны дэлхийн аваргад мөн ижил үр дүн үзүүлж байсан юм.
Хэсгээс гарах боломж байсан ч ашиглаж чадсангүй
Энэ жилийн тэмцээнд Өмнөд Солонгос Мексик, Өмнөд Африк, Чехийн шигшээ багуудтай хамт А хэсэгт багтсан. Тус багийг хэсгээсээ шалгарах боломж өндөртэй гэж үзэж байсан ч талбай дээрх үр дүн хүлээлтэд хүрсэнгүй.
Өмнөд Солонгосын шигшээ Мексик болон Өмнөд Африктай хийсэн тоглолтод тус бүр 1:0 харьцаатай хожигдсон. Харин Чехийн шигшээг 2:1 харьцаагаар буулган авсан ч нийт гурван оноотой хэсгийн тоглолтоо өндөрлүүлсэн тул дараагийн шатанд шалгарч чадсангүй.
Хон Мюн Бо шийдвэрээ Мексикт зарлав
Хон Мюн Бо огцрох шийдвэрээ багийн бэлтгэлийн бааз байрлаж байсан Мексикийн Запопан хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд гаргасан шийдвэр бүрээ Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн ирээдүйтэй холбон бодож байсан гэж тайлбарласан байна.
“Сүүлийн хоёр жилийн хугацаанд би тоглогчдыг сонгох, бэлдэх зэрэг чухал шийдвэрүүдийг гаргах бүрдээ өөрөөсөө ‘Солонгосын хөлбөмбөгийн хувьд энэ зөв сонголт мөн үү?’ гэж асуудаг байсан. Бүх шийдвэр зөв байсан гэж би хэлж чадахгүй ч Солонгосын хөлбөмбөгийн төлөө гаргасан гэдгээ хэлж чадна” гэж Хон Мюн Бо өчигдөр өөрийн багийн бэлтгэлийн бааз байрладаг Мексикийн Запопан хотод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Ерөнхийлөгч И Жэ Мюн шигшээ багийг хатуу зэмлэв
Хон Мюн Бо огцрохоо зарлахаас хэдхэн цагийн өмнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн шигшээ багийнхаа үзүүлэлтийг хурцаар шүүмжилсэн байна. Тэрээр багийн удирдлага, томилгооны асуудлыг хөндөж, үр дүнг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж үзжээ.
“Үнэнч байдал, явцуу хүрээний эрх ашгийг ур чадвараас илүү дээгүүр үнэлж, чадваргүй хүмүүсийг удирдах албан тушаалд томилоход ямар үр дүн гарах нь тодорхой байдаг. Энэхүү хүлээн зөвшөөрөгдөөгүй үр дүнгээс үүдэлтэй гүн гүнзгий урам хугаралтын төлөө би олон нийтээс уучлал гуймаар байна. Ийм зүйл дахин гаргахгүйн тулд бид спортын удирдлагыг хурдан шинэчлэх болно” гэж И Жэ Мюн сошиал хуудсаараа мэдэгджээ.
Сон Хюн Минийг талбайд гаргаагүй нь маргаан дагууллаа
ДАШТ эхлэхээс өмнө ч Хон Мюн Богийн нэр хүнд Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэл, хөгжөөн дэмжигчдийн дунд төдийлөн сайн байгаагүй. Харин хэсгийн шатны шийдвэрүүд нь түүний талаарх шүүмжлэлийг улам нэмэгдүүлсэн байна.
Ялангуяа Өмнөд Африктай хийсэн тоглолтод багийн ахлагч Сон Хюн Минийг талбайд гаргаагүй нь том алдаа болсон гэж олон ажиглагч үзэж байна. Учир нь Өмнөд Солонгос тухайн тоглолтод ядаж тэнцсэн бол хэсгээсээ шалгарах боломжтой байсан юм.
2024 онд томилогдсон цагаасаа шүүмжлэл дагуулжээ
Хон Мюн Бо 2024 оны долдугаар сард Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон. Гэвч түүний эргэн ирэлт эхнээсээ олон нийтийн дунд маргаан дагуулж байв.
Томилогдсоны дараахан тэрээр дотоодын тэмцээнд оролцох үеэрээ үзэгч, хөгжөөн дэмжигчдэд “бүүлүүлэн” цэнгэлдэх хүрээлэнгээс гарахад хүрч байсан юм. Ийнхүү ДАШТ-ий хэсгийн шатнаас дахин хасагдсан нь түүний хоёр дахь удаагийн шигшээ багийн дасгалжуулагчийн замналыг огцом төгсгөхөд хүргэлээ.