Европын хэд хэдэн оронд супермаркетуудын хөргөгч, хөлдөөгчийн систем кибер халдлагад өртөж, олон дэлгүүр их хэмжээний хүнсний бүтээгдэхүүнээ худалдаанаас татан авч, устгахаас өөр аргагүй болсон байна.
Даваа гарагт гарсан халдлага Шведээс Бельги хүртэл хэд хэдэн улсыг хамарчээ. Хакерууд хөргөгч, хөлдөөгчийн температурыг алсаас нэмэгдүүлсэн бөгөөд үүнээс болж хүнсний бүтээгдэхүүн хадгалах нөхцөл алдагдсан байна.
Ижил төрлийн халдлага өнгөрсөн сард Францад гарч, их хэмжээний хүнс муудахын зэрэгцээ зарим дэлгүүрт галын тохиолдол бүртгэгдэж байжээ.
Хөргөгчийн температур 50 хэм хүрсэн тохиолдол гарчээ
Бельги, Люксембург дахь Ahold Delhaize болон Colruyt, Шведийн ICA, Coop зэрэг хүнсний сүлжээ халдлагад өртсөн байна. Мөн тавилгын дэлгүүрүүддээ хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг Ikea компанийн нэг салбар өртжээ.
Стокхольм дахь ICA-гийн зарим франчайз дэлгүүр орон нутгийн цагаар шөнийн 2:00 цагийн үед халдлагад өртсөн ч асуудлыг хэдэн цагийн дараа л илрүүлсэн байна.
Нэгэн бизнес эрхлэгч:
“Кибер халдлага болж, манай бүх хөлдөөгчүүдийн температур Цельсийн 50 хэмд хүрсэн байсан. Бүх бараа муудсан”
гэж хэвлэлд ярьжээ.
ICA компанийн хэвлэлийн төлөөлөгч “хязгаарлагдмал тооны дэлгүүрүүд нэг шөнийн дотор халдлагад өртөж, хөргөгч, хөлдөөх системүүдэд нь нөлөөлсөн” гэж мэдэгдсэн байна.
Халдлагыг хэн зохион байгуулсан нь одоогоор тогтоогдоогүй байна.
Халдлагын ард хэн байгааг тогтоогоогүй
Европын орнуудад сүүлийн жилүүдэд дэд бүтэц болон технологийн системд чиглэсэн хорлон сүйтгэх ажиллагааны эрсдэлд илүү анхаарал хандуулах болсон. 2022 онд Украинд дайн эхэлснээс хойш Оросын хорлон сүйтгэх болон холимог дайны ажиллагааны талаар Европын эрх баригчид удаа дараа санаа зовниж ирсэн ч Москва ийм үйл ажиллагаанд оролцсон гэх мэдэгдлүүдийг няцаасаар байгаа юм.
Гэхдээ энэ удаагийн хөргөлтийн системийн халдлагыг Оростой холбосон баталгаатай мэдээлэл одоогоор байхгүй.
Бельгийн Кибер аюулгүй байдлын төвийн хэвлэлийн төлөөлөгч Катриен Эггерс:
“Энэ халдлагын ард хэн байгаа нь тодорхойгүй, хэзээ ч тодорхой болохгүй байж магадгүй”
гэж хэлээд хиймэл оюун ухаантай холбоотой халдлагын тоо нэмэгдэж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Алсаас удирддаг төхөөрөмжүүд шинэ эрсдэл үүсгэж байна
Хөргөгч, халаалтын систем, хяналтын камер, дохиолол зэрэг олон төрлийн тоног төхөөрөмжийг интернэтээр алсаас удирдах боломж нэмэгдсэн нь кибер гэмт хэрэгтнүүдийн ашиглаж болох шинэ сул талуудыг бий болгож байна.
Даваа гарагт халдлагад өртсөн зарим хөргөлтийн систем нь Данийн Danfoss компанийн температурын хяналтын технологийг ашиглаж байжээ. Тус компанийн бүтээгдэхүүн Францад болсон өмнөх халдлагад ч өртөж байсан байна.
Danfoss системийн эмзэг байдлыг бууруулахын тулд хэрэглэгчидтэйгээ хамтран ажиллаж буйгаа мэдэгджээ.
Европын Холбооны хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн комиссар Кристоф Хансен:
“Эдгээр халдлагууд нь манай хүнсний хангамжийн сүлжээг тасалдуулж, хэрэглэгчдийн итгэлийг эвдэх гэсэн санаатай үйл ажиллагаанууд юм”
гэж мэдэгдээд асуудлыг нухацтай авч үзэх шаардлагатайг анхааруулсан байна.
Олон сүлжээ дэлгүүр бүтээгдэхүүнээ хаяхад хүрчээ
Бельгид Spar дэлгүүрүүдийг франчайзын системээр ажиллуулдаг Colruyt группийн мэдээлснээр таван дэлгүүрийн хөргөлтийн систем халдлагад өртжээ.
Ирландын Musgrave компанийн SuperValu сүлжээний 13 салбар мөн өртөж, зарим хөргөсөн болон хөлдөөсөн бүтээгдэхүүнийг худалдаанаас татсан байна.
Өнгөрсөн сард Францад болсон ижил халдлагад хамгийн их нэрвэгдсэн Carrefour компани Бельги дэх 700 салбарынхаа 15 нь энэ удаад өртсөн гэж мэдэгджээ.
Ikea компанийн Бельги дэх нэг дэлгүүр мөн халдлагад өртсөн бол Шведийн Coop сүлжээний 800 салбараас долоо нь асуудалтай тулгарсан байна.
Нэг махны дэлгүүр 15 мянган еврогийн хохирол амсжээ
Бельгийн “De Laet & Van Haver” махны худалдааны сүлжээг үүсгэн байгуулагч Люк Де Лает шөнийн 3:30 цагт ажилтнаасаа асуудлын талаар сонссон даруйдаа гэрт нь ойр байрлах дэлгүүрт очжээ.
Тэр үед хөргөгчийн температур 18 хэм хүртэл нэмэгдсэн байсныг илрүүлсэн байна.
Үүний улмаас нийт 15,000 еврогийн үнэ бүхий мах болон махан бүтээгдэхүүн муудаж, худалдаанаас хасах шаардлагатай болжээ.
“SentinelOne” кибер аюулгүй байдлын компанийн судлаач Том Хегел ийм төрлийн халдлагаас шууд санхүүгийн ашиг олох боломж бага тул улс төрийн зорилготой хорлон сүйтгэх ажиллагаа байх магадлалтай гэж үзсэн байна. Гэхдээ халдлагын бодит зорилго болон зохион байгуулагчийг одоогоор албан ёсоор тогтоогоогүй байна.
Эх сурвалж: Reuters