Улаанбаатарт томоохон орон сууцжуулалт эхэлнэ: 2030 он хүртэл 17 мянга гаруй айлын байр ашиглалтад орно

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын өрхүүдийн нүүрсний хэрэглээг үе шаттай багасгах хүрээнд орон сууцжуулалт, цэвэр эрчим хүч, дэд бүтцийн хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Арваннэгдүгээр сарын 3-4-нд зохион байгуулж буй “Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумын үеэр энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг танилцуулсан байна.

Форумд эрүүл мэнд, байгаль орчин, эрчим хүч, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын төлөөлөгчид, төрийн болон орон нутгийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, олон улсын хөгжлийн байгууллагууд оролцож байна.

161 мянга гаруй өрхийн нүүрсний хэрэглээг бууруулна

Нийслэлийн агаарын бохирдлын ойролцоогоор 51 хувийг 161 мянга гаруй өрхийн нүүрсний хэрэглээ бүрдүүлдэг гэж мэдээлжээ.

Иймээс эхний шатанд эдгээр өрхийг нүүрснээс хамаарал багатай, цэвэр эрчим хүчний төрөл бүрийн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

Одоогийн байдлаар 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээнд, 408 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэрт холбожээ. Мөн 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтын системд шилжүүлсэн байна.

Энэ өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7,000-10,000 өрхийг дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл болон дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн системд хамруулахаар ажиллаж байгаа аж.

Үүнээс гадна НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт хүчин чадалтай, батарей хуримтлуулах системтэй нарны цахилгаан станц байгуулахаар төлөвлөжээ.

Нүүрс-пиролизын үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын үйлдвэр барихаар болсон байна.

Тус үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс болон 82 мянган тонн давирхай үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцжээ.

Энэхүү төсөл нь өрхийн түлшний хэрэглээг өөрчлөх, нүүрсний шууд хэрэглээг бууруулах бодлогын нэг хэсэг байх юм.

Автомашины утааг бууруулахад 80 ногоон өртөө байгуулна

Нийслэлийн агаарын бохирдлын 33 орчим хувийг автомашины ялгаруулалт бүрдүүлдэг гэж мэдээлсэн байна.

Иймээс цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх 80 ногоон өртөө байгуулахаар ажиллаж байгаа аж.

Мөн Сэлбэ, Баянхошуу, Шархад зэрэг дэд төвүүдэд инженерийн дэд бүтцийг шинээр байгуулж, ногоон технологид суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж байна.

26 байршилд 148 мянга гаруй айлын орон сууц төлөвлөжээ

Улаанбаатар хотын хэмжээнд 26 байршлын 83 хэсэгчилсэн талбайд нийт 148 мянга гаруй айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон бусад нийгмийн дэд бүтэц бүхий цогц орчныг бий болгохоор төлөвлөсөн байна.

Энэ хүрээнд 2026-2030 онд 17 мянга гаруй айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулахаар тооцжээ.

Нийслэлийн зүгээс нүүрсний хэрэглээг бууруулах ажлыг зөвхөн түлш солих арга хэмжээгээр хязгаарлахгүй, харин цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, инженерийн дэд бүтэц болон тээврийн шинэчлэлтэй уялдуулсан цогц бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу