Европт онгоцны түлш хомсдож, ердөө зургаан долоо хоногийн нөөц үлдээд байна

Европын агаарын тээврийн салбар ноцтой сорилттой нүүр тулж болзошгүй нөхцөл үүсээд байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн тэргүүн Фатих Биролын мэдээлснээр, Европт онгоцны түлшний ердөө зургаан долоо хоногийн нөөц үлдсэн аж. Хэрэв Ойрхи Дорнодоос авдаг импортын дор хаяж талыг өөр эх үүсвэрээр нөхөж чадахгүй бол зургадугаар сар гэхэд энэ нөөц бүрэн шавхагдаж болзошгүй байна.

Түүний онцолсноор, хэрэв Ормузын хоолой хаалттай хэвээр үргэлжилбэл Европт нислэгүүдийг цуцалж эхлэх нь цаг хугацааны асуудал болоод байгаа аж. Энэ нь зөвхөн эрчим хүчний биш, мөн олон улсын нисэхийн сүлжээнд нөлөөлөх эрсдэлтэй асуудал болж хувирчээ.

Ойрхи Дорнодын хамаарал Европын нисэх салбарыг эмзэг болгож байна

Персийн булангийн орнууд дэлхийн онгоцны түлшний зах зээлийн хамгийн том нийлүүлэгчдийн тоонд ордог. Үүнээс гадна Өмнөд Солонгос, Энэтхэг, Хятад зэрэг томоохон экспортлогч орнууд хүртэл боловсруулах үйлдвэрүүддээ ашигладаг түүхий газрын тосны хувьд Ойрхи Дорнодын нийлүүлэлтээс өндөр хамааралтай хэвээр байна.

Европын онгоцны түлшний импортын 75 хувь нь Ойрхи Дорнодоос хамаарч байсан нь өнөөгийн нөхцөлд бүс нутгийг онцгой эмзэг байдалд оруулжээ. Үүнтэй холбоотойгоор Европын орнууд АНУ, Нигери зэрэг улсаас түлш авах замаар эх үүсвэрээ төрөлжүүлэх оролдлого хийж эхэлсэн байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр, АНУ-аас гарч буй онгоцны түлшний экспорт сүүлийн хэдэн долоо хоногт мэдэгдэхүйц өссөн аж.

Импортын нөхөлтөөс шалтгаалж нислэгийн тогтвортой байдал шийдэгдэнэ

Шинэ нөхцөлд Европ Ойрхи Дорнодоос авдаг түлшнийхээ 50-иас дээш хувийг нөхөж чадахгүй бол агаарын тээврийн компаниуд нислэгээ цуцлахад хүрч, үүний улмаас зах зээлийн эрэлт ч буурах төлөвтэй байна. Харин шаардлагатай импортынхоо 75 орчим хувийг нөхөж чадвал ижил эрсдэл хэвээр үлдэх ч ядаж наймдугаар сар хүртэл нөхцөл байдлыг тогтвортой барих боломжтой гэж үзэж байгаа юм.

Энэ нь Европын агаарын тээврийн салбар ойрын саруудад зөвхөн түлшний олдоц төдийгүй нийлүүлэлтийн стратеги, логистикийн уян хатан байдлаар амин чухал сорилттой тулгарахыг харуулж байна.

Онгоцны түлшний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Нөхцөл байдал ийнхүү хүндэрч буй энэ үед Европ дахь онгоцны түлшний үнэ ч огцом өссөн байна. Энэ сарын эхээр нэг тонн онгоцны түлш 1838 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд үзүүлэлт тогтоожээ. Харин дайн эхлэхээс өмнө энэ үнэ нэг тонн нь 831 ам.доллар байсан нь өнөөгийн өсөлт ямар өндөр түвшинд хүрснийг тод харуулж байна.

Ингэснээр Европын нисэхийн салбар зөвхөн нөөцийн хомсдол бус, мөн үнийн огцом өсөлтийн давхар дарамтад орж, ирэх саруудад тээвэр, аялал жуулчлал, худалдаанд өргөн хүрээний нөлөө үзүүлж мэдэх нөхцөл бүрдээд байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу