BLAST Bounty Summer 2026-ийн шөвгийн наймын амлагаа явагдав
Counter-Strike 2 төрлийн нэгдүгээр зэрэглэлийн BLAST Bounty Summer 2026 тэмцээний шөвгийн найман багийн амлагаа өнгөрсөн шөнө Мальта улсын Attard хотод боллоо.
Тус тэмцээний дүрмээр шөвгийн наймд шалгарсан багуудаас чансаа доогуур дөрвөн баг нь өөрсдийн өрсөлдөгчөө сонгодог онцлогтой. Үндэсний бөхөөр зүйрлэвэл том цолтой бөх ам авахын оронд энэ тэмцээнд доогуур эрэмбэтэй багууд түрүүлж өрсөлдөгчөө сонгодог гэсэн үг юм.
FaZe Clan The MongolZ-тэй тоглохоор амлан авлаа
Амлагааны дагуу хамгийн түрүүнд Бразилын paiN Gaming баг Данийн Astralis-ийг сонгосон байна. Үүний дараа Европын FaZe Clan Монголын The MongolZ багтай шөвгийн наймд тоглохоор амлан авлаа.
Харин Францын 3DMAX баг Германы MOUZ-ийг өрсөлдөгчөөрөө сонгосон бол Нидерландын Team Liquid болон ОХУ-ын Team Spirit багууд тунаж үлдсэн байна.
Шөвгийн наймын тоглолтууд өнөө орой эхэлнэ
Шөвгийн наймын тоглолтууд өнөө оройн 21:00 цагаас Team Spirit болон Team Liquid багийн учраагаар эхэлнэ. Үүний дараа шөнийн 00:00 цагаас Францын 3DMAX, Германы MOUZ багуудын тоглолт явагдсанаар эхний өдрийн хуваарь өндөрлөх юм.
Харин Монголын The MongolZ баг маргааш оройн 20:30 цагаас Европын FaZe Clan-тай хүч үзнэ. Үргэлжлүүлэн 23:30 цагаас paiN Gaming болон Astralis багийн тоглолт болж, шөвгийн дөрвөн баг бүрэн тодорно.
The MongolZ-д заавал ахих шаардлага бий
The MongolZ-ийн хувьд энэ тэмцээн дэлхийн чансааны оноогоо ахиулах чухал боломж юм. Томоохон тэмцээнүүдийн урилга, байр суурь нь чансааны онооноос ихээхэн хамаардаг тул Монголын баг аваргын төлөөх шат руу заавал урагшлах шаардлагатай байна.
Одоогоор The MongolZ дэлхийн чансааны 14 дүгээр байрт бичигдэж байгаа. Тиймээс FaZe Clan-тай хийх шөвгийн наймын тоглолт зөвхөн нэг шат ахих тулаан биш, харин цаашдын олон улсын тэмцээнүүдийн боломжид нөлөөлөх том сорилт болох юм.
The MongolZ баг сүүлийн жилүүдэд олон улсын CS2-ийн тавцанд тогтвортой амжилт үзүүлж, Монголын цахим спортын нэрийг дэлхийд таниулж байна. Тус багийн ивээн тэтгэгчдийн нэг нь 1xBet бөгөөд багийн олон улсын өрсөлдөөнд оролцох, брэндийн танигдалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Одоо Монголын фэнүүдийн анхаарал маргааш болох The MongolZ, FaZe Clan багуудын тоглолтод төвлөрч байна.