Г.Баяндүүрэн гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо: Монголын самбочид дөрвөн медаль хүртэв

Узбекистаны Ташкент хотод арваннэгдүгээр сарын 6–8-нд болсон самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай буцлаа. Энэ удаагийн тэмцээнд 101 улсын 508 тамирчин өрсөлдсөн байна.

Г.Баяндүүрэн дэлхийн аваргын гурав дахь алтаа авлаа

Байлдааны самбын эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Гантөмөрийн Баяндүүрэн түрүүлж, Монголын багийн алтан медалийг хүртжээ. Ингэснээр тэрээр дэлхийн аварга цолыг гурав дахь удаагаа хүртсэн байна.

Харин спорт самбын эмэгтэйчүүдийн төрөлд Монголын гурван тамирчин шагналын тавцанд гарлаа:

  • 54 кг: Дэлгэрсайханы Сарантуяа — мөнгөн медаль;
  • 59 кг: Батсүхийн Алтанцэцэг — мөнгөн медаль;
  • 50 кг: Ганбаатарын Бямбасүрэн — хүрэл медаль.

Монголын баг нийлбэр дүнгээр зургаадугаарт жагсав

Дөрвөн медалийн амжилтаар Монголын шигшээ багийн дүнгээр VI байр эзэлжээ.

Оросын тамирчид 18 алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн байна. Гүржийн баг таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэлтэй өндөрлөсөн бол тэмцээнийг зохион байгуулсан Узбекистан хоёр алт, таван мөнгө, есөн хүрэл медаль авчээ. Беларусийн тамирчид хоёр алт, гурван мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу