ХААН Банк 35 жилийн ойгоо тохиолдуулан харилцагч, хамтрагч түншүүддээ зориулж “Green Stage Music Festival” хөгжмийн наадмыг зохион байгуулах гэж байна. Монголын анхны ногоон хөгжмийн наадам хэмээн тодотгож буй тус арга хэмжээ зургаадугаар сарын 13-нд Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Энэхүү фестиваль нь ХААН Банкны олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн “Ногоон асар” санаачилгын үргэлжлэл юм. Анх 2017 онд “Playtime” наадмын үеэр эхэлсэн “Ногоон асар” жил ирэх бүр хүрээгээ тэлж, хөгжим сонсох орчноос гадна байгальд ээлтэй хэрэглээ, тогтвортой хөгжлийн ойлголтыг залууст хүргэдэг орон зай болон хөгжсөн байна.
Энэ жил уг санаачилга илүү өргөн цар хүрээтэй болж, “Green Stage Music Festival” нэрээр бие даасан хөгжмийн наадам болон зохион байгуулагдах гэж байна. Фестивалийн тайзнаа рок поп, хип хоп, этно зэрэг олон төрлийн урсгалын уран бүтээлчид оролцож, үзэгчдэд зуны мартагдашгүй үдшийг бэлэглэхээр төлөвлөжээ.
Наадамд оролцох уран бүтээлчдийн нэрсийг удахгүй зарлах юм байна. Зохион байгуулагчдын мэдээлснээр энэ нь зөвхөн шоу тоглолт бус, хөгжим, залуус, ногоон хөгжлийн үзэл санааг нэг дор нэгтгэсэн онцгой арга хэмжээ болох аж.
ХААН Банкны харилцагчид мөн тус фестивалийн тасалбар авах боломжтой. Digi Pay аппликэйшнээр оноо цуглуулсан хэрэглэгчид “Green Stage Music Festival”-ийн тасалбарын эзэн болох бөгөөд хамгийн эхний 1000 харилцагч хос тасалбар авах эрхтэй байна.
Digi Pay аппликэйшнд ХААН Банкны бүх төрлийн картаа холбож, шимтгэлгүй төлбөр тооцоо хийх боломжтой. Өдөр тутмын хэрэглээгээрээ оноо цуглуулан энэ зуны хамгийн онцлох хөгжмийн наадамд оролцох боломжийг харилцагчдад санал болгожээ.
ХААН Банкны 35 жилийн ойд зориулсан “Green Stage Music Festival” нь Монголд ногоон хөгжмийн наадмын шинэ жишиг тогтоохоор хүлээгдэж байна.