БНСУ нохойн мах үйлдвэрлэхийг ирэх жилийн хоёрдугаар сарын 7-ноос албан ёсоор хориглож эхлэхээр байгаа бөгөөд хориг хүчин төгөлдөр болохоос өмнө салбарын ихэнх үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоожээ.
Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуй, хүнс, хөдөө орон нутгийн хэргийн яамны мэдээллээр нохойн махны үйлдвэрүүдийн 87 хувь нь аль хэдийн хаалгаа барьсан байна. Энэ нь Засгийн газрын урьдчилсан тооцооллоос илүү хурдтай бууралт болжээ.
2024 оны хоёрдугаар сард нохойн махны үйлдвэрлэлийг хориглох шийдвэр гаргах үед тус улсад нийт 1,537 үйлдвэр ажиллаж байсан аж.
Харин 2026 оны есдүгээр сарын 1-ний байдлаар ердөө 198 үйлдвэр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Засгийн газрын таамаглаж байснаас 30 хувиар илүү хурдан буурсан үзүүлэлт болсон байна.
Торонд тэжээж байсан нохойн тоо 468 мянгаас 7,600 болж буурчээ
Салбарын агшилт зөвхөн үйлдвэрийн тоогоор хязгаарлагдсангүй.
2024 оны наймдугаар сард нохойн махны үйлдвэрлэлд зориулан торонд тэжээж байсан нохойн тоо 468 мянгад хүрч байжээ. Харин өнгөрсөн сарын байдлаар энэ тоо ойролцоогоор 7,600 болтлоо буурсан байна.
Энэ нь хориг хэрэгжиж эхлэхээс өмнө нохойн махны үйлдвэрлэлийн хэмжээ асар хурдтай хумигдаж байгааг харуулж байна.
Үлдсэн үйлдвэрүүдийг хориг эхлэхээс өмнө хаахыг уриалжээ
Хөдөө аж ахуй, хүнс, хөдөө орон нутгийн хэргийн яам үлдсэн үржүүлгийн газар болон үйлдвэрүүдийн эздийг ирэх жил хориг хэрэгжиж эхлэхээс өмнө сайн дураараа үйл ажиллагаагаа зогсоохыг уриалсан байна.
Мөн албаныхан орон нутгийн захиргаатай хамтран арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд шалгалт явуулахаар төлөвлөжээ.
Шалгалтаар өмнө нь хаагдсан гэж бүртгэгдсэн үйлдвэрүүд нууцаар дахин үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, хууль бус үйлдвэрлэл үргэлжилж байгаа эсэхийг шалгах юм байна.
Ингэснээр БНСУ нохойн махны үйлдвэрлэлийг бүрэн зогсоох хууль хэрэгжиж эхлэхээс өмнө салбарын үлдэгдлийг цэгцлэх ажлыг эрчимжүүлж байна.