Ховдын хоёр суманд шүлхий гарч, 1178 мал өвчилсөн байна

Гоц халдварт өвчний голомтод цэргийн алба хаагчид ажиллаж байна

Ховд аймгийн Булган, Үенч суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, холбогдох байгууллагууд голомтод ажиллаж байна.

Өвчний тархалтыг хязгаарлах, халдвартай малыг устгалд оруулах, зөөвөрлөх зэрэг ажлыг зохион байгуулахад Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчид энэ сарын 03-ны өдрөөс эхлэн оролцож байгаа юм.

Таван цэргийн алба хаагч эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэжээ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Г.Баянжаргалаар ахлуулсан бүрэлдэхүүн шүлхийн голомтын бүсэд ажиллаж байна.

Тус бүрэлдэхүүнд ахлах ахлагч Б.Цэрэнчимэд, ахлах ахлагч Б.Гүенбаатар, ахлагч Б.Борхүү, ахлагч Ч.Нямбаяр нар багтжээ. Тэд өвчилсөн малыг устгалд оруулах, тээвэрлэх зэрэг эрүүл мэнд, халдвар хамгааллын өндөр эрсдэлтэй ажилд оролцож байгаа аж.

980 гаруй малыг устгалд оруулжээ

Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын мэдээллээр Булган, Үенч сумын 137 өрхийн нийт 1178 толгой мал шүлхий өвчнөөр өвчилсөн байна.

Одоогоор өвчилсөн малын 980 гаруйг нь устгалд оруулжээ. Үлдсэн малын байдал болон халдварын тархалтыг хянах, голомтыг хумих ажил үргэлжилж байна.

Халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээ үргэлжилж байна

Шүлхий нь малын гоц халдварт өвчин учраас богино хугацаанд олон малд тархах эрсдэлтэй. Иймээс голомтын бүсэд ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, өвчилсөн малыг журмын дагуу устгалд оруулах арга хэмжээ авч байна.

Холбогдох байгууллагууд болон цэргийн алба хаагчид өвчний тархалтыг хязгаарлах, малчдын эрсдэлийг бууруулах чиглэлээр голомтод үүрэг гүйцэтгэсээр байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу