Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлсэн “Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя, цэвэрлэе” аяны хүрээнд зохион байгуулсан их цэвэрлэгээний ажил амжилттай өндөрлөлөө. Тус аянаар Хөвсгөл нуур орчмын 1,300 орчим километр нутаг дэвсгэрээс нийт 325 тонн хог хаягдлыг цэвэрлэн, ангилан ялгаж, зохих журмын дагуу устгасан байна.
Их цэвэрлэгээний гол үзүүлэлтүүд:
- Үргэлжилсэн хугацаа: 2 сарын хугацаанд 3 үе шаттайгаар зохион байгуулагдав.
- Хамрагдсан бүс: 1,300 орчим километр нутаг дэвсгэр.
- Оролцогчдын бүрэлдэхүүн: Иргэд, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж, сайн дурынхан болон байгаль хамгаалагчид зэрэг давхардсан тоогоор 1,500 гаруй хүн оролцсон.
- Цэвэрлэсэн хог хаягдал: 325 тонн.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан ажилд идэвхтэй оролцсон нийт иргэд, байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
“Далай ээж – Хөвсгөл нуур бол Монголын төдийгүй дэлхийн цэнгэг усны үнэт өв, хүн төрөлхтөн хойч үедээ өнөөдрийнхөөс нь дордуулахгүйгээр өвлүүлэн үлдээх ёстой байгалийн хосгүй баялаг билээ. Хөвсгөл нуураа хайрлан хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй. Далай ээжийгээ цэвэр, ариун байлгах нь үе үеийн монголчуудын эрхэм үүрэг, нийтлэг хариуцлага мөн. Далай ээж – Хөвсгөл нуур үеийн үед цэнгэг, цэлмэг тэнгэрийн дор ариун тунгалагаараа орших болтугай.” — Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх