Хөвсгөлийн аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалт шувтаргын шатандаа орлоо

Хөвсгөл нуурыг зорих аялагчдын тав тухыг хангах, тус бүс нутагт эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн ажлын явц эрчимтэй үргэлжилж байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын (ССАЖЗ) сайд Ж.Алдаржавхлан холбогдох албаны хүмүүсийн хамт орон нутагт ажиллаж, Хөвсгөл дэд төслийн гүйцэтгэл, барилга угсралтын явцтай газар дээр нь танилцжээ. Сайд болон ажлын хэсгийнхэн гүйцэтгэгч компаниуд болон төслийн нэгжийн удирдлагуудтай уулзаж, тулгарч буй асуудлуудыг хэлэлцсэн байна.

Авто зам болон жуулчдын мэдээллийн төвийн гүйцэтгэл

Одоогийн байдлаар тус нутагт өрнөж буй авто зам, барилга байгууламжийн ажил үндсэндээ шувтаргын шатандаа орсон бөгөөд салбарын яамнаас гүйцэтгэлийн хувийг дараах байдлаар мэдээллээ. Хатгал тосгоноос 300 метрийн зайд, нэвтрэх хяналтын бүсийн урд хэсэгт баригдаж буй жуулчдын мэдээллийн төв нь нэг давхар, нийт 815 м² талбайтай байх юм. Тус төв нь аялал жуулчлалын оргил ачааллын үеэр өдөрт дунджаар 1400 орчим амрагчдад үйлчилгээ үзүүлэх өндөр хүчин чадалтай бөгөөд үүнийг дагасан 2000 м² талбай бүхий зогсоолд 150 автомашин, 10 автобус нэгэн зэрэг байрлах боломж бүрдэнэ. Бэлэн болж буй обьектуудын нарийвчилсан үзүүлэлтүүдийг дурдвал:

  • Хатгал–Жанхай–Тойлогт чиглэлийн 32 км зам, түүнийг холбох 2 км зам болон Хатгал–Хүзүүвчийн шил–Ашихай чиглэлийн 5.5 км авто замын ажил 85 хувьд хүрсэн.
  • Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон жуулчдын мэдээллийн төвийн шинэ барилгын угсралт 75 хувийн гүйцэтгэлтэй байна.
  • Авто замын дагуух жуулчид хамгийн ихээр төвлөрдөг байршлуудад 49 автобус, 635 автомашины багтаамжтай авто зогсоол байгуулах ажил 65 хувьтай үргэлжилж байна.

Байгальд ээлтэй аялал ба арчлалтын менежмент

Хөвсгөл нуурын эрэг дагуу ийнхүү авто зогсоолуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг эрс бууруулах ач холбогдолтой юм. Энэхүү дэд бүтэц нь явган алхалт, дугуйн болон морин аялал зэрэг байгальд ээлтэй аяллын төрлүүдийг идэвхжүүлэхээс гадна иргэдийн аюулгүй, тав тухтай аялах нөхцөлийг бүрэн хангана. Шалгалтын төгсгөлд ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан гүйцэтгэгч байгууллагуудад ажлаа чанартай, стандартын дагуу хугацаанд нь хүлээлгэж өгөхийг хатуу даалгалаа. Түүнчлэн орон нутгийн удирдлагуудад хандан иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлж, ашиглалтад орсон байгууламжуудын дараах арчлалт, менежментийн төлөвлөгөөг урьдчилан боловсруулж ажиллахыг үүрэг болгов.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу