Суррон, цахилгаан скүүтер, мопедтой холбоотой зам тээврийн осол өмнөх жилүүдтэй харьцуулахад буураагүй тул холбогдох байгууллагууд хяналт, зохицуулалтыг чангатгаж эхэлжээ. Шинэ зохицуулалтын дагуу сурроноор зөвхөн 18 нас хүрсэн, “А” ангиллын жолооны үнэмлэхтэй иргэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой байна.
Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 200 мянган төгрөгөөр торгох аж. Мөн 16 нас хүрээгүй хүүхэд цахилгаан скүүтер, мопедоор замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон зохицуулалт үйлчилж байна.
Үүнтэй холбоотойгоор Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс унадаг дугуй, цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэхээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэв. Аюулгүй хэрэглээний дүрэм, зааврыг мөрдөх нь осол, гэмтлээс сэргийлэх, амь нас, эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга гэдгийг онцолжээ.
Унадаг дугуй, цахилгаан дугуй, скүүтер, мопед, сурроноос унах үед толгой, тархи, гар, бугуй, тохой, нуруу, хүзүү, цээж, дотор эрхтэн, өвдөг болон хөлний гэмтэл түгээмэл бүртгэгддэг байна.
Иймд дараах аюулгүй зорчих зөвлөмжийг мөрдөхийг анхаарууллаа.
- Нэг хүн зорчих
Цахилгаан скүүтер дээр зөвхөн нэг хүн суух ёстой. Нэмэлт зорчигч авч явах нь тэнцвэр алдагдах, мөргөлдөх, унах эрсдэлийг нэмэгдүүлж, гэмтлийн хэмжээг хүндрүүлдэг. - Анхаарал сарниулах үйлдлээс зайлсхийх
Замын хөдөлгөөнд оролцож байхдаа чихэвч зүүх, гар утас ашиглахгүй байх хэрэгтэй. Зам орчиндоо бүрэн анхаарах нь ослоос сэргийлэх гол нөхцөл юм. - Хурд хэтрүүлэхгүй байх
Өндөр хурдтай зорчих үед жолоодож буй хүн болон бусад хөдөлгөөнд оролцогчид хариу үйлдэл үзүүлэх боломж багасдаг. Энэ нь ноцтой гэмтэл, хүнд осолд хүргэх эрсдэлтэй.
Дөрөвдүгээр сарын 10-наас хойших зам тээврийн ослын статистикаас харахад сурронтой холбоотой 11 осол, мопедтой холбоотой 45 осол, скүүтерийн 65 осол, унадаг дугуйн 114 осол бүртгэгджээ.
