Морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж өмнө нь 100 мянган төгрөг, нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая төгрөг байсан. Тэгвэл уг суурь хураамжийг 250 мянган төгрөг болгож, нөхөн төлбөрийг 100 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй байхаар шинэчилсэн талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.
Шинэчлэгдсэн үнэлгээг энэ оны зургаадугаар сарын 15-наас эхлэн даатгалын байгууллагууд, морины эзэд, уяачид болон эцэг эхчүүд дагаж мөрдөхөөр байна.
2025 оны байдлаар нийт 12,202 унаач хүүхдийн мэдээлэл бүртгэгджээ. Сүүлийн таван жилийн хугацаанд 20 хүүхэд мориноос унаж амь насаа алдсан бол хоёр хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон талаар албаны эх сурвалж мэдээлэлдээ дурдсан байна.
Өнгөрсөн онд 88 хүүхэд хөнгөн, таван хүүхэд хүнд гэмтэл авчээ. Харин энэ жил гэхэд ахуйн хүрээнд дөрвөн хүүхэд, сунгааны үеэр нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байна.