НЗДТГ болон Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй “Хүрээ цам-Даншиг наадам” энэ сарын 27, 28-нд Хүй долоон худагт болох гэж байна. Энэхүү уламжлалт баярт үндэсний бөх, сур харваа, шагайн харвааны тэмцээнүүд багтах ажээ.
Зургаадугаар сарын 20-26-ны хооронд devjee.mn цахим хуудсаар үндэсний бөхийн бүртгэл явагдаж, өнөөдрийн байдлаар 160 гаруй бөх бүртгүүлээд байна. Нийтдээ 256 бөх барилдахаар төлөвлөсөн бөгөөд тэмцээнийг Монголын үндэсний бөхийн холбоо, Нийслэлийн биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулна гэдгийг Биеийн тамир, спортын улсын хорооны мэргэжилтэн Г.Бямбасайхан мэдээлэв.
Зургаадугаар сарын 27-ны 11:40 цагт бөхийн барилдааны нээлт эхэлж, дараа нь нэгийн даваа руу орно. 28-нд өглөө цам харайх шашин соёлын арга хэмжээг зохион байгуулж, дараа нь дөрвийн давааг үргэлжлүүлнэ. Бөхчүүд хувийн зохион байгуулалтаа сайтар хангаж, замын ачааллыг тооцож цагтаа ирэхийг зөвлөв. Наадмын талбай хүртэл машины зогсоолоос алхах тул цагийн хуваариа урьдчилан бодохыг санууллаа.
Түрүүлсэн бөх 30 сая, үзүүрлэсэн бөх 20 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд 14 сая, дунд шөвөгт үлдсэн бөхчүүд 4 сая төгрөгийн бай шагнал хүртэнэ.
Сур харвааны тэмцээнд зургаадугаар сарын 20-25-ны хооронд ikhtsets.mn сайтаар бүртгэл явагдаж, 120 гаруй харваач бүртгүүлээд байна. Өнгөрсөн жил 800 гаруй харваач оролцсон бол энэ жил эрэгтэй 10, эмэгтэй 10 тамирчинд шагнал олгох бөгөөд өмнө нь тус бүр таван тамирчинд шагнал өгдөг байсан нь өөрчлөгдсөн гэж Г.Бямбасайхан нэмж хэллээ. Шагнал хүртсэн харваачдад 8-200 сая төгрөгийн урамшуулал олгох аж.
Шагайн харвааны тэмцээнд 40 багийн 500 харваач оролцохоор төлөвлөжээ.
Өнгөрсөн жилээс эхлэн үндэсний бөхийн барилдаанд даншигийн цол олгохоо больсон бөгөөд бэлгэдлийн шинжтэй энэхүү цолыг дахин олгохгүй гэдгийг зохион байгуулагчид мэдээллээ.