Дулаан Хан-Уулын орчимд баавгай айлын мал руу халдах тохиолдол бүртгэгдэв
Монгол Улсын ховор амьтдын жагсаалтад багтдаг хүрэн баавгай Булган аймгийн Тэшиг сумын Дулаан Хан-Уул орчимд айлын мал руу дайрах тохиолдол сүүлийн үед удаа дараа гарчээ.
Үүнтэй холбогдуулан “Хүрэн баавгайтай холбоотой эрсдэлээс сэргийлэх” ажлын хэсэг Тэшиг сумын удирдлагуудтай хамтран хуралдаж, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ хийсэн байна.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах зөвлөмж гаргалаа
Хуралдаанаас иргэд, малчдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэн шаардлагатай хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр зөвлөмж гаргажээ.
Үүнд:
- Сумаас ажлын хэсгийг тухайн газар дээр нь томилон ажиллуулах;
- Аймаг, сумын ажлын хэсгүүдэд нөхцөл байдлын мэдээллийг шуурхай хүргэх;
- Эрсдэлтэй бүс нутагт амьдарч буй иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, бэлтгэл байдлыг хангах;
- Баавгайн халдлагад өртөх эрсдэлтэй малчин өрхүүдийг тухайн бүсээс түр хугацаанд нүүлгэн шилжүүлэх;
- Нүүх боломжгүй тохиолдолд айл өрхүүдийг нэг дор төвлөрүүлэн буулгах;
- Орой, үдшийн цагаар гэрэл асаах, гал гаргах, дуу чимээ үүсгэх зорилгоор май тавих, буу тавих, цахилгаан хөрөө асаах, дуут дохио ажиллуулах;
- Машин, мотоцикл, гар утас болон бусад техник хэрэгслийн бүрэн бүтэн, бэлэн байдлыг хангах;
- Малын бэлчээр болон гэрийн ойролцоо байгаа мал, амьтны сэг зэмийг холдуулан устгах;
- Эрсдэлтэй бүсэд хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүйгээр малд явуулахгүй байх;
- Уламжлалт зан үйл, домын аргаар хамгаалах арга хэмжээ авах;
- Дизель түлшний үнэр ашиглан баавгай үргээх аргыг турших;
- Суманд байрлах цэргийн ангитай хамтран ажиллаж, хүч хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн дэмжлэг авах;
- Эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэд, малчдад танилцуулга, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тогтмол хүргэх зэрэг ажлыг зохион байгуулахаар болсон байна.
Малчдад сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа
Хүрэн баавгайтай холбоотой эрсдэл нэмэгдэж байгаа тул тухайн бүс нутагт амьдарч буй иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Зэрлэг амьтан суурьшлын бүс, малын бэлчээр, айл өрхийн ойролцоо илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх шаардлагатайг холбогдох албаныхан сануулжээ.