БНХАУ-ын даргын Вашингтонд хийсэн айлчлалын үеэр хоёр орны найрсаг харилцааны бэлгэ тэмдэг болгон АНУ-д илгээсэн хоёр аварга панда хүрэлцэн ирсэн талаар амьтны хүрээлэнгээс мэдээлжээ.
Пин Пин, Фу Шуан нэртэй хоёр панда есдүгээр сарын 27-нд Boeing 777 загварын “FedEx Panda Express” тусгай нислэгээр Хартсфилд-Жексон нисэх онгоцны буудалд газардсан байна.
Хамтарсан судалгааны хөтөлбөрт хамрагдана
Хоёр панда Атлантын амьтны хүрээлэн болон Хятадын ан амьтан хамгаалах холбооны хамтран хэрэгжүүлж буй аварга хулсны баавгай хамгаалах, судлах олон улсын хөтөлбөрийн хүрээнд АНУ-д амьдрах аж.
Шинэ орчинд дасах хугацаанд тэднийг энэ сарыг дуустал тусгаарлан ажиглахаар төлөвлөжээ.
Нислэгийн өмнө тусгай бэлтгэл хийжээ
Пин Пин, Фу Шуан нарыг Хятадаас хөдөлгөхийн өмнө мэргэжилтнүүд шинэ хулс, алим болон эмийн ургамлын нөөц бэлтгэсэн байна.
Мөн урт хугацааны нислэгийн нөхцөлд дасгах тусгай хөтөлбөрт хамруулж, тээвэрлэлтийн үеийн стрессийг багасгахад анхаарчээ.
Хятадын мэргэжилтнүүд ч Атлантад тодорхой хугацаанд үлдэж, хоёр пандаг шинэ орчин, хооллолт болон өдөр тутмын дэглэмдээ дасахад нь туслах юм байна.
Ийнхүү АНУ-д ирсэн Пин Пин, Фу Шуан хоёр карантины хугацаагаа дуусгасны дараа шинэ орчиндоо дасан зохицож, хоёр улсын хамтарсан панда хамгаалах судалгааны хөтөлбөрт үргэлжлүүлэн оролцох аж.