Хятадын сансрын станц анхны гадаад нисэгчээ хүлээн авна: Пакистаны иргэн сонгогджээ

Хятадын сансрын хөтөлбөрийг хариуцсан агентлаг «Shenzhou-24» нислэгийн багт Пакистаны иргэнийг ачаа, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтнээр оролцуулахаар сонгосон байна. Нэрийг нь хараахан зарлаагүй энэ нисэгч Хятадын тойрог замын станцад очсон анхны гадаадын иргэн болох юм.

Бээжингийн «Бүс ба зам» санаачилгын хүрээнд хэрэгжиж буй хоёр улсын хамтын ажиллагааны нэг хэсэг болгон уг нислэгт Пакистаны төлөөлөгчийг оролцуулахаар болсныг Хятадын төрийн төв хэвлэлүүд бямба гарагт мэдээлжээ.

Нислэгийг оны эцэс гэхэд хийх төлөвтэй байна

Хятадын тал сонгогдсон нисэгчийн нэр болон хөөрөх өдрийг одоогоор нийтэд мэдээлээгүй байна. Гэхдээ «Shenzhou-24» нислэгийг энэ оны төгсгөл гэхэд хэрэгжүүлэх төлөвтэй байгаа аж.

Пакистаны нисэгчид болох Zeeshan Ali, Khurram Daud нар уг ажиллагаанд бэлтгэн, Бээжин дэх Хятадын Сансрын нисэгчдийн судалгаа, сургалтын төвд олон сарын турш суралцжээ. Бэлтгэлд нь сансрын нисэгчдэд зориулсан практик дадлагаас гадна хятад хэлний эрчимжүүлсэн хичээлүүд багтсан байна.

Хятадын төв телевиз CCTV-ийн мэдээлснээр, тойрог замын станцад богино хугацаанд ажилласны дараа Пакистаны нисэгч «Shenzhou-23» хөлгөөр дэлхийд эргэн ирэх ажээ.

Хоёр улсын сансрын хамтын ажиллагаа өргөжиж байна

Стратегийн болон дипломат харилцааны олон жилийн түншүүд болох Хятад, Пакистан өнгөрсөн хоёрдугаар сард сансрын нисэгч бэлтгэх, тэднийг Хятадын сансрын хөтөлбөрт оролцуулах гэрээ байгуулсан юм.

Хятад нь Пакистаны худалдааны хамгийн том түнш төдийгүй гадаадын гол хөрөнгө оруулагчдын нэг билээ. Сансрын салбар дахь хамтын ажиллагаа нь зөвхөн хүний оролцоотой нислэгээр хязгаарлагдахгүй байна.

Хятадын үндэсний сансрын захиргаа Пакистаны анхны сарны өөрөө явагч төхөөрөмж болох Jinnah-1-ийг сар руу хүргэхээр төлөвлөжээ. Шинжлэх ухааны тусгай багаж хэрэгслээр тоноглосон, 35 кг жинтэй уг төхөөрөмж сарны хөрсний найрлага, цацраг болон плазмын орчныг судлах үүрэгтэй юм.

Хятад 2030 он гэхэд саран дээр хүн буулгана

Хятад улс сүүлийн жилүүдэд сансрын салбартаа хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж, гол өрсөлдөгч АНУ-тай эн зэрэгцэхийг зорьж байна. Тус улс 2030 он гэхэд саран дээр хүн буулгах зорилт дэвшүүлжээ.

Үүний зэрэгцээ АНУ, Орос, Хятад улсууд саран дээр цөмийн реактор байгуулах төлөвлөгөөнүүдээ урагшлуулж байгаа юм. NASA 2030 оны эцэс гэхэд сарны гадаргад цөмийн реактор бүтээхээр төлөвлөж байгаагаа зарласан байна. Харин Орос улс Хятадтай хамтран 2036 он гэхэд ижил зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Сарны ус ирээдүйн баазуудын чухал нөөц болно

Төлөвлөж буй реакторууд сарны тогоонуудын гүнд мөс хэлбэрээр хуримтлагдсан усыг олборлоход шаардагдах эрчим хүчийг нийлүүлэх зориулалттай.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, олборлосон усыг ирээдүйн баазуудын ундны хэрэгцээнд ашиглахаас гадна амьсгалах агаар, пуужингийн түлш гарган авахад хэрэглэх боломжтой юм. Мөн цөмийн реакторууд нь саран дээр байгуулах баазуудын цахилгаан хангамжийг бүрдүүлэх үүрэг гүйцэтгэх ажээ.

Эх сурвалж: Reuters

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу