Монголын байт харваачид Айчи-Нагоя 2026-д хүрэл медалийн эзэд боллоо

Япон улсад үргэлжилж буй Азийн пара наадмын байт харвааны рекувр төрлийн эмэгтэй хосын ангилалд Монголын тамирчин Буянжаргалын Оюун-Эрдэнэ, Дэмбэрэлийн Сэлэнгээ нар хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэй хосын төрөлд нийт 16 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын баг урьдчилсан шатанд 1,078 оноо авч, тавдугаар байраар хасагдах шатанд шалгарсан байна.

Шөвгийн наймд манай тамирчид Индонезийн багтай учраа таарч, 6:2 харьцаатай ялалт байгуулжээ. Харин хагас шигшээд БНХАУ-ын хостой өрсөлдөн ялагдсанаар хүрэл медалийн төлөө тоглох болсон юм.

Гуравдугаар байрын төлөөх шийдвэрлэх харваанд Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нар Ираны Мохадесса Бабахабид, Сомая Рахми нарыг 6:2-оор буулган авч, хүрэл медалийн тавцанд гарлаа.

Энэхүү медаль нь Айчи-Нагоя 2026 Азийн пара наадмаас Монголын багийн хүртсэн найм дахь медаль, мөн хоёр дахь хүрэл медаль болж байна.

Тэмцээний дөрөв дэх өдрийн дараах байдлаар Монголын баг:

  • 4 алтан медаль
  • 2 мөнгөн медаль
  • 2 хүрэл медаль

хүртээд байгаа бөгөөд медалийн чансааны 13 дугаар байрт бичигдэж байна.

Монголын пара байт харваачдын тэмцээн үүгээр дуусахгүй. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ аравдугаар сарын 24-нд алтан медалийн төлөө өрсөлдөх юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу