Их Британид тархины хавдрыг AI-ийн тусламжтай авсан анхны мэс засал хийжээ

Лондон дахь Мэдрэл судлал, мэдрэлийн мэс заслын үндэсний эмнэлэгт тархины хавдрыг хиймэл оюуны оролцоотой авах мэс засал амжилттай хийгджээ. Энэ нь дэлхийд анхны ийм төрлийн мэс засал гэж мэдээлэгдэж байна.

Мэс заслын явцад хиймэл оюун бодит цагийн горимд дүрс бичлэгт анализ хийж, эмч нарт өвчтөний амин чухал эд эрхтэн, ялангуяа харааны мэдрэлийг гэмтээлгүй хавдрыг авахад тусалсан байна. Үүний үр дүнд маш хүнд ажиллагааны дараа өвчтөний харааг хадгалж чаджээ.

Өвчтөн нь 48 настай Рис Хибберт гэх эрэгтэй байв. Түүний тархинд 11 мм хэмжээтэй хавдар үүссэн бөгөөд энэ нь хараагаа алдах ноцтой эрсдэлтэй байжээ. Харин мэс заслын дараа түүний хараа мэдэгдэхүйц сайжирч, хэдхэн хоногийн дараа шил болон таяггүйгээр алхах боломжтой болсон байна.

Хагалгааны үеэр AI тархины суурь хэсгийн судаснууд, харааны мэдрэлийн эсүүд зэрэг гэмтээж болохгүй чухал хэсгүүдийг тодруулж, эмч нарт зөв чиглэл сонгоход тусалжээ. Ийм байдлаар хиймэл оюун мэс заслын талбарт бодит цагийн “туслах” болж ажилласан байна.

Энэхүү AI системийг өмнөх олон зуун мэдрэлийн мэс заслын дүрс бичлэг дээр тулгуурлан сургасан аж. Тиймээс хагалгааны үед хүний нүдэнд шууд ялгарахад төвөгтэй нарийн бүтэц, эрсдэлтэй хэсгүүдийг хурдан таньж, эмч нарт анхааруулах чадвартай болсон байна.

Энэ амжилт нь хиймэл оюун ухаан зөвхөн оношилгоо, мэдээлэл боловсруулах салбарт бус, нарийн мэс заслын шийдвэр гаргалтад ч бодит дэмжлэг үзүүлэх боломжтойг харуулж байна. Ялангуяа тархи, мэдрэлийн мэс засал шиг алдаа гаргах зай багатай салбарт AI-ийн оролцоо ирээдүйд олон өвчтөний амь нас, амьдралын чанарыг хамгаалахад чухал үүрэгтэй байж магадгүй юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу